Зөвшилцөл эсвэл арбитраас өөр хувилбар байхгүй

658

Зөвшилцөл эсвэл арбитраас өөр хувилбар байхгүй"Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт өмнийн говьд урагшилж, гүний уурхай ашиглалтад орох хугацаа төлөвлөгөөний дагуу хором хормоор ойртсоор байна. Том төслийн хаялга эдийн засагт тусгалаа олж, бүтээн байгуулалт эхэлсэн цагаас хойш буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3.4 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авах гэрээг Монголын компаниудтай "оюутолгой” байгуулжээ. Төслийн цөм хэсэг эрчимжих хэрээр эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдсээр байгаа. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр шалгаруулдаг "ТОП 100” аж ахуйн нэгжийг "Оюутолгой” өнгөлж, эхний гуравт багтсан.

Борлуулалтын орлогоороо топуудыг тэргүүлсэн бол татварын хэмжээгээрээ "Эрдэнэт үйлдвэр”-ийн дараа жагссан гэхээр "Оюутолгой” богино хугацаанд хэр том компани болон өргөжиж байгааг харж болох юм. Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн тодорхойлсноор "Оюутолгой” бол Rio Tinto-гийн хувьд ирээдүйтэй төслийнх нь нэг. Гэвч төсөл тойрсон маргаан өнөөг хүртэл тасралтгүй хөвөрсөөр.Олон нийтийн дунд төдийгүй улс төрийн хүрээнд "Оюутолгой”-гоос хүртэх ногдол ашигт эргэлзсэн, энэ төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлж чадна гэдэгт үл итгэсэн байдал зонхилох шинжтэй. Ялангуяа, Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй хардалт, үгүйсгэл цаашид улам хавтгайрч мэдэхээр байна. Яг энэ уур амьсгал давамгайлах үед татварын ерөнхий газраас "Оюутолгой”- д 155 сая ам.доллар буюу 377 тэрбум төгрөгтэй тэнцэх татварын акт тавьсан билээ. Тэгвэл энэхүү татварын маргааныг шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дуусаад даруй ажлын хоёр долоо хоног өнгөрч байна.

Маргааныг шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дуусаад 14 хонож байна

"Оюутолгой” компанийн хувьд 17.4 орчим тэрбум төгрөгийн актыг хүлээн зөвшөөрч, түүнийхээ 11.4 тэрбум төгрөгийг татварын ерөнхий газрын дансанд шилжүүлсэн юм. Харин үлдсэн 360 орчим тэрбум төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу маргаан шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнийг ажлын 60 хоногт шийдвэрлэж чадахгүй бол Лондоны Арбитрын шүүхэд хандахаар заачихсан. УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн "Оюутолгой”-д хийсэн шалгалт, удаа дараагийн мэдэгдэл нь нөхцөл байдал хэрхэн хүндэрсэн, төсөл хэрэгжүүлэгч талуудын дунд үл ойлголцол хэр их гүнзгийрсэн гэдгийг илтгэх аж. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгой”-д 150 сая ам.доллараар зогсохгүй татварын асуудал бий гэж мэдээлсэн. Тэгвэл төсөл хэрэгжүүлж буй талууд зөвшилцөлд хүрэхээр зорьж байгаа гэсэн мэдээлэл байна. "Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатарын хэлснээр татварын албанаас 25 зүйлээр татварын акт тавьсны дөрвөн зүйл дээр зөвшилцөлд хүрчээ.

Эргэн сануулахад, 2015 онд 130 сая ам.долларын татварын актыг шийдэхдээ "Оюутолгой” Засгийн газартай тохиролцож, 30 сая ам.доллар төлсөн байдаг. Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Энэ бол ердийн л бизнесийн үйл явц. Манай Канад, Австралийн салбаруудад ч хөндлөнгийн аудит ордог. Монголд ч мөн адил. Бид энд урт хугацаанд ажиллана. Бусад салбаруудын л адил Засгийн газартай уулзаад, ярилцаад ажиллаж байна” хэмээн Asia Mining сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон удаатай. Эндээс харахад Rio Tinto компани "Оюутолгой”- д тавьсан татварын маргаанд төдийлэн барьц алдахгүй байгаа бололтой. Гэхдээ татварын маргаан, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт төслийн бүтээн байгуулалт, компанийн "хувь заяа”-тай холбогдох тул зөвшилцөх магадлал илүү гэж хөндлөнгийн судлаач нар үзэж байна. Татварын маргааны хувьд хувилбар маш тодорхой. Арбитрт хандах эсвэл Засгийн газар болон "Оюутолгой” зөвшилцлийн ширээнд суухаас өөр сонголт байхгүй билээ.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>