Дорнод аймагт эдийн засгийн олон улсын хурал эхэллээ
"Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцад Монгол улс, Дорнод аймгийн хөгжлийн бодлого ба оролцоо, боломж” сэдэвт бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач нарын хамтарсан олон улсын хурал Монгол улсын Зүүн бүсийн тулгуур төв, Чойбалсан хотод зохион байгуулагдаж байна. Тус хуралдааныг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Зүүнд хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Бүсчилсэн хөгжлийн бодлогын судалгааны төв хамтран зохион байгуулж байна.
Монгол улсын Зүүн бүс, Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт, хөгжлийн төлөвлөлтийг Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц, түүний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, харилцан мэдээлэл солилцож, цаашдын хөгжлийн гарц, шийдэл, хүлээгдэж буй сорилтын талаар санал солилцох зорилготой явагдаж буй хуралдаанд Монгол улсын Дорнод аймаг, Япон улсын (ERINA), БНХАУ, Их түмэн санаачлага(GTI) төлөөлөл оролцож байна.
Хуралдааны үйл ажиллагааг нээж Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: ”Дорнод аймаг байгаль цаг уур, байгалийн нөөцийн давуу талтай бөгөөд газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын нутагруу түрж орсон хэлбэртэй буюу өөрөөр хэлбэл далай тэнгисээр бол түүнрүү түрж орсон хойг хэлбэрийн байршилтай байдаг нь манай давуу тал болно" гэж хэлсэн үгэндээ онцоллоо
Хурлын үйл ажиллагаа үдээс өмнө зохион байгуулагдаж хурлын дараагаар Дорнод аймгийн боловсрол, шинжлэх ухаан, төмөр зам, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл болон зарим байгууллагуудтай танилцах аялал зохион байгуулагдах юм.