Монгол улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал

739

Монгол улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал


Монгол, Америкийн ард түмний тусын тулд энэхүү Замын зураглалыг дараах байдлаар хэрэгжүүлэхээр  Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс  харилцан тохиров:
 Олон улсын худалдаа 
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр  хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө тууштай байж, талууд ДХБ-ын хүрээнд зах зээлийг нээхэд  үр дүн гаргах талаар  хамтран ажиллах үүрэг хүлээснээ  дахин нотлов.
 Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа
Талууд өөрсдийн оролцоог илүүтэй хангасан, хөгжин цэцэглэсэн, зах зээлд суурилсан, эдийн засгийн сөргөлдөөнөөс ангид бүс нутгийн төлөөх нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо дахин нотлохын сацуу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тавцанд зохих мэдээлэл солилцох, хамтарч ажиллах замаар харилцан дэмжлэг үзүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.
 Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт
Хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх Ил тод байдлын хэлэлцээрээр  хүлээсэн тус тусын үүргээ бүрэн хэрэгжүүлэх замаар хоёр талын худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлэлээ дахин нотлов.
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотой авилгын асуудал  нь эдийн засгийн эрүүл өсөлт хөгжил, дэвшилд саад тотгор болж буйг талууд хүлээн зөвшөөрч, түүнээс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хөхиүлэн дэмжиж, оюуны өмчийн эрхийг хамгаалан ажиллах хамтын эрмэлзлэлээ харилцан илэрхийлэв.
ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хоёр талын механизм байгуулахыг дэмжих зорилтын  хүрээнд хандивлагч орнуудын зүгээс  үзүүлж буй чадавхийг  бэхжүүлэх, техникийн туслалцааны нөөц бололцоог ашиглах талаар хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
Талуудын хооронд чөлөөтэй, шударга, харилцан ашигтай худалдааг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжилд АНУ-ын ЭКСИМ банк, Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци (ОПИК)-ийн оролцоог хөшүүрэг болгон ашиглах замаар хоёр талын худалдаанд шинэ орон зай, салбар бий болгохыг  хөхиүлэн дэмжих шинэ боломжийг  эрэлхийлнэ.
Яриа хэлцээ болон механизм
Монгол Улс болон АНУ нь хоёр талын  эдийн засаг, худалдааны чиглэлээр явуулж буй  дараах яриа хэлцээ, механизмыг  улам бүр бэхжүүлэхээ нотлов. Үүнд:
·  Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт;
·  Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой хэлэлцээрээр тохирсон уулзалт;
·  Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалт;
·  Монгол руу чиглэсэн худалдааны итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон бусад худалдааны төлөөлөгчид хоорондын бизнесийн уулзалт;
·  АНУ-ын Худалдааны яамны Худалдааны хуулийн техникийн туслалцааны хөтөлбөр болон АНУ-ын Сангийн яамны Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд туслалцаа үзүүлэх зэрэг чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр;
·  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, АНУ-ын Худалдааны танхимын Монгол Улс дахь салбар болон бусад байгууллагуудын бизнес форум, дугуй ширээний уулзалт зэрэг бизнесийн арга хэмжээ.
 Байгалийн нөөц
Байгалийн нөөц ихтэй хоёр улсын хувьд Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь эдгээр байгалийн нөөцийг хоёр орны ард түмний баялаг болгоход шаардлагатай  бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө дараах салбарт ойр  хамтран ажиллаж, хүчин зүтгэл гаргахыг зорино. Үүнд:
Хөдөө аж ахуй
Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд шаардлагатай чухал хүчин зүйл болохыг онцлохын сацуу талууд хоёр орны хэрэглээ болон экспортын хувьд эрүүл бөгөөд хангалттай хүнсний хангамжийг тогтвортой үйлдвэрлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн хамтарсан судалгаа хийх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх замаар хөгжлийг дэмжихийг эрмэлзэнэ;
Ус
Усны хангамжийн тогтвортой эх үүсвэрийн дутагдал нь хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих Монгол Улсын чадавхийг хязгаарлаж болохыг анхааралдаа авч, талууд Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээ, ялангуяа Улаанбаатар хотын усан хангамжийг урт хугацаанд тогтвортой  хангахад чиглэсэн  бодлогын шинэчлэл хийхэд  дэмжлэг үзүүлэхийг  зорино;
Эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүч
Монгол Улсын эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болох бололцоотойг  харгалзан, Монгол Улсыг  эрчим хүчээр тогтвортой хангах дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор  талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хоёр тал, бүс нутаг,  олон талт  өнөөгийн хамтын ажиллагааны бүтэц, тэр дундаа Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалтын хүрээнд үргэлжлүүлэхийг зорино;
 Уул уурхай
Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулдгийг онцолж, Монгол Улс болон АНУ нь уг салбарт дэвшилтэт туршлага, дэд бүтэцтэй орнуудын хувьд хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг  хөхиүлэн дэмжиж, туршлага, дэвшилтэт технологи, шилдэг арга барилыг харилцан солилцох замаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг зорино.
Санхүүгийн үйлчилгээ
Монгол Улс болон АНУ нь авилга, мөнгө угаахтай тэмцэх зорилгодоо нэгдмэл хэвээр байна. Талууд олон улсын санхүүгийн салбарыг чадавхтай байлгахыг дэмжиж ажиллана.
 Дэд бүтэц
Талууд хоёр улсын эдийн засгийн өсөлтийг сайжруулж, эрчимжүүлэх зорилгоор чанартай дэд бүтэц, түүний дотор цахим дэд бүтцийг өргөжүүлэхийг дэмжиж ажиллахыг эрмэлзэнэ. Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь тээврийн салбарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тус тусын холбогдох тээврийн салбарын нээлттэй зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахыг зорино.
Хөгжлийн хамтын ажиллагаа
Талууд Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээний усны хангамж, усыг дахин ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтыг үр дүнтэйгээр бэлтгэх, гүйцэтгэх, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.  Түүнчлэн Мянганы сорилтын корпорацийн анхны компакт гэрээний үр дүн нь  ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад үзүүлсэн урт хугацааны нөлөөг бүрэн үнэлэх зорилгын үүднээс хяналт, үнэлгээ, тайланг үргэлжлүүлнэ. Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг төрөл бүрийн хөтөлбөр, төслөөр дамжуулан дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
 Хувийн хэвшлийг дэмжих
ЖДҮ эрхлэгчид болон хувийн хэвшил нь хоёр орны эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөдөлгүүр болохыг харилцан тэмдэглэж, Монгол Улс болон АНУ нь тэдгээрийн өсөлтийг тэтгэсэн орчныг  бий болгохыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэнэ.
 Хамтын ажиллагааны шинэ чиглэл

Талууд хоёр улсын байгаль орчныг хамгаалахын сацуу эдийн засгийг бэхжүүлж, төрөлжүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц, бичил эрчим хүч зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, салбарыг үргэлжлүүлэн дэмжихийг зорино. гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>