Зарим хувийн цэцэрлэгийн ёс бус үйлдэл бусад цэцэрлэгүүдийн “үнэлэмжийг” бууруулж байна

920

 

Зарим хувийн цэцэрлэгийн ёс бус үйлдэл бусад цэцэрлэгүүдийн “үнэлэмжийг” бууруулж байна

 

 

Монголчууд бид хэзээнээс л аливаа үйл хэргийг хийхээсээ өмнө хардаж, сэрдэж байж хийдэг улс. Энэ ингэчихвэл яадаг бол, тэгвэл яадаг бол гээд юм л бол тэрхүү зангаа гаргачихдаг. Байгаль дэлхийгээс удамшилтай энэ зүйл нь нэг бодлын аливаа хэрэгт болгоомжлох мэт харагдах ч нөгөө талаас хэт туйлширсан хандлагатай болчихдог. Харин энэ олдмол араншин нь ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдээс тод гарах болжээ.

Хүүхэд аюулгүй орчинд, тоглож наадах, сурч боловсрох бүрэн эрхтэй. Энэ ч утгаараа бие бялдар болон сэтгэл зүйн хувьд үргэлж өсөн, хөгжиж байдаг. Хүүхэд чөлөөтэй сэтгэх, дуулж бүжиглэх зэрэг олон талын авьяас чадвараа цэцэрлэгт байх хугацаандаа нээн харуулдаг. Ийм учраас сургуулийн өмнөх боловсролын систем хүүхэд бүрт чиглэгдсэн байх ёстой байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн багш нартай холбоотой асуудлууд ар араасаа гарах болсноор энэ нь хүүхэд аюулгүй орчинд хөгжих, сурч боловсрох боломжийг нь хязгаарлаж буй болоод байна.

Элдэв янзын өхөөрдөм гоё, ганган нэртэй хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн талаарх таагүй мэдээлэл цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн чихийг дэлсэх болов. Тодруулбал, хоёр жилийн өмнө Дундговь аймгийн Мандалговь сумын "Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч ,ой хүрээгүй хүүхдийг "Хоол идсэнгүй” хэмээн хэрцгийгээр зодсон бичлэг олон нийтэд ил болж нийгэмд том цочрол өгсөн. Уг бичлэг цацагдахаас өмнө цэцэрлэгүүд ямар байсныг мэдэхгүй ч, тухайн үйл явдлын дараа иймэрхүү үйлдэл тасарсангүй.

Мөн "Амила” цэцэрлэгийн туслах багш бага насны хүүхдийг зодож, гар хөлөөс нь татан чангааж буй бичлэг мөн л ил болсон. Хүүхдийн эцэг эхийн хэлснээр "Манай хүүхэд орой болохоор л юмнаас айсан юм шиг уйлдаг болсон. Шөнө унтаж байхдаа хүн зодож байгаа мэт гэнэт чангаар уйлдаг болчихсон учраас цэцэрлэгийнх нь хяналтын камерыг шалгаж үзэхээр болсон” гэдгийг хэлж байсан. Гэвч энэ хэргийн ул мөр арилаагүй байтал дахин нэг хэрэг гарлаа.

Тодруулбал, Хатуу багшийн дэгэнд өртсөн хүүгийн ээж өөрийн цахим хуудаснаа "Баянгол дүүргийн 25-р хороонд байрлах "Нарын үрс” хувийн цэцэрлэгийн бага бүлэгт явдаг хоёр настай хүү минь энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр харгис багшийн халдлагад өртлөө. Тус өдрийн оройноос маргааш өглөө хүртэл гэдэс нь гүйлгэж, царай нь цонхийгоод цэцэрлэгтээ явах боломжгүй болсон. Шалтгааныг нь олохоор цэцэрлэгийн камерын бичлэгийг ухрааж үзэхэд туслах багш хүүд минь үнэхээр харгис ханджээ. Харин багшаас нь яагаад ингэх болсон шалтгааныг нь асуутал "Уйлаад байхаар нь тэгсэн” гэж хариулсан” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ. "Хүүгийн минь бие нь өвдөх болсон шалтгаан угаалгын өрөөний хүйтэн шалан дээр нүцгэн удаан байлгаснаас болсон” хэмээн хүүгийн эцэг эх үзэж байгаа аж. Харин "Нарны үрсадцэцэрлэг”-ийнхан"Багш хүүхдийг эв хавгүй өргөснөөс ингэж ташаа ойлголт бий боллоо” хэмээн тайлбарласан ажээ.

Энэ мэт жишээнүүд хэдий хол хөндий мэт санагдавч бодит зураглалаар харвал өнөөгийн нийгмийн өнгө төрх юм. Бага насны хүүхдийн бие бялдар, сэтгэн бодох чадвар, хэл ярианы хөгжил, сэтгэхүйн хөгжил зэргийн үндэс суурийг тавьдаг сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, тэр дундаа цэцэрлэгийн багш нарын тухай ийнхүү сайнаас илүү саар мэдээллүүд хөврөх болсон.

Зарим эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт явуулахаас айж татгалзаж байхад, зарим нь "Яах бол” гэсэн айдастайгаар хүргэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэвч үүний цаана өнөөх л хардах, болгоомжлох сэтгэл нуугдаж буй.

Буруу, зөв эсэхийг шүүх эрхгүй ч угтаа тухайн бичлэгүүдийг үзсэнээр цэцэрлэгийн талаарх эцэг эхчүүдийн хандлагыг харж болох юм. Нэг хэсэг нь багш нар шиг муу нэгэн байхгүй гэж ярих ч, нөгөө хэсэгт эцэг эхчүүд хүүхдээ буруу хүмүүжүүлснээр хүүхэд дур зоргоороо авирлах зэрэг хоёрдмол байдлыг агуулж байгаа юм.

Энэ мэт багшийн зохимжгүй үйлдлүүд нь өөрийн үйл ажиллагаандаа анхааран ажиллаж, чин шударгаар хүүхдийг хайрлан энэрч буй багш нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох юм. Сургуулийн өмнөх боловсролын стандарт горимыг хангасан, арга барилын дагуу үйл ажиллагаагаа чиглүүлсэн жишиг цэцэрлэгүүд ч олон бий. Харин гоё ганган нэртэй эдгээр хувийн цэцэрлэгүүдээс болж сургуулийн өмнөх боловсрол олгох онцгой үүрэг бүхий байгууллагуудын нэр хүнд доошоо унаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Нэг талаар олон цэцэрлэг байх нь эцэг эхчүүдэд тустай, тэдний ажлыг хөнгөвчилж буй хэрэг болно. Нөгөө талаар энэ мэт чанаргүй цэцэрлэгүүдээр дамжуулж хүүхэд ямар мэдлэгийг олж авах вэ? Тэдгээр нь эрүүл аюулгүй орчинтой байж чадах уу зэрэг асуудлууд гарч ирнэ.

Сургуулийн өмнөх боловсролын салбарын үйл ажиллагаанд чухам ямар шаардлагыг тавьж, үйл ажиллагаа явуулах эрх өгдгийг мэдэхгүй. Дуртай нэг нь орон сууцны доод давхарт тохижуулсан байранд цэцэрлэг нээгээд үйл ажиллагаа явуулж байгаа энэ үед салбарын зүгээс авч буй шаардлага, зарчмыг улам чангатгах, тэдэнд илүү хяналт тавин ажиллах хэрэгтэй юм. Ийм тохиолдолд цэцэрлэгүүдийн чанар үнэлэмж л дээшилнэ, бидний үр хүүхэд ч эрүүл, аюулгүй орчинд айдасгүй өсөх юм.

 

Бэлтгэсэн: Т.Номун

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>