Хотын дарга С.Батболдын асуудлаар МАН-ын удирдлагууд зөвлөлдөх үү
Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдаж, даргаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг сонгосон билээ. Тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон даруйдаа "Намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжид улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож,шийдвэр гаргана” гэж онцолсон юм.
Улмаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоныхоо маргааш намын хорооны дэд дарга, орон тооны бус дэд дарга нар болон тэргүүлэгчдээ шинэчлэн сонгосон билээ. Нийслэлийн МАН-ын хорооны шинэхэн дарга Д.Сумъяабазарын "Улс төрийн хэд хэдэн шийдвэрийг намын удирдлагуудтайгаа санал солилцож байж гаргана” гэж хэлсэн үг нь өнөөгийн Нийслэлийн засаг дарга дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын талаарх асуудал уу гэсэн хардлага үүсгээд байгаа юм.
Өнөөгийн хотын дарга С.Батболд Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх үеэрээ "Нийслэлд хоёр толгой хэрэггүй” гэсэн гарчиг бүхий мэдээлэл түгээж байв. Мэдээллийн гол агуулга нь "Нийслэлд ялалт байгуулсан намын хорооны дарга нь давхар нийслэлээ удирдсанаар ажил илүү эрчимтэй урагшлах боломж бүрдэнэ” гэх агуулгатай байсан билээ. Яг энэ жишгийг Д.Сумъяабазар мөрдлөг болгох уу гэдэг нь таавар хэвээр байгаа хэдий ч МАН-ын удирдлагуудын түвшинд уг асуудал яригдаж, өөрсдийн талаас хотын шинэ даргыг томилох эсэх талаар хэлэлцэх бололтой.