1.3 сая ам.долларын хэрэгт Улаанбаатар хотын Цагдаагийн газар, ЦЕГ-т удирдах албанд ажиллаж байсан Б холбогджээ

554

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар (монгол мөнгөөр гурав орчим тэрбум төгрөг) олдсон хэрэг гарсан нь олны анхаарлын төвд байна. Эхний таамаг мэдээллээр, сэжигтэн этгээд төрийн албан хаагч нэгэн бөгөөд түүнийг яллагдагчаар татан баривчилж, гэрээс нь олдсон дээрх их хэмжээний долларыг битүүмжлэн, эд мөрийн баримт болгон хураан авсан талаар бид хоёр хоногийн өмнө мэдээлсэн билээ.

АТГ-аас сэжигтэн этгээд тус доллараа юунд зарцуулах гэж байсан, хэнд авлига өгөх гэсэн зэргээс эхлээд гарал үүслийг нь судалж тогтоохоор нарийвчлан шалгаж байгаа байх. Ямартай ч тус хэргийг АТГ-аас илрүүлж, шалгахын тулд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн, томоохон гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсны үндсэн дээр уг их хэмжээний мөнгийг олж авсан байдаг гэсэн мэдээлэл бий.

-СЭЖИГТЭН Б ГЭР БҮЛЭЭРЭЭ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ БАЙНА-

Өнөөдөр 1.3 сая ам.долларын хэргийн сэжигтэн хэн бэ гэсэн асуулт ургаж, олон нийтийн дунд "төрийн албан хаагч” гэснээс өөр мэдээлэл алга байна. Тэгвэл тус хэргийн сэжигтэн нь насаараа цагдаагийн байгууллагад ажиллажээ. Сүүлд Улаанбаатар хотын цагдаагийн газарт удирдах албан тушаал хашиж байгаад, 2016 онд Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-т удирдах албан тушаалд томилогдож байсан Б гэгч юм байна.

Мөн түүний төрсөн дүү болоод хүргэн нь Нийслэлийн нэр бүхий дүүргүүдэд Ерөнхий прокурор, прокурор гэсэн албан тушаал хашдаг байна. АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж, их хэмжээний ам.доллар хадгалж байсан Б-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан ч тэрээр Цагдан хорих 461-р ангид хоёр хоног саатуулагдаад, суллагдсан байна.

-"АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ЗАРЖ ОЛСОН МӨНГӨ” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд сэжигтэн Б-н ажлын байрнаас 500 мянган ам.доллар бэлнээр, гэрээс нь 700 гаруй мянган ам.доллар бэлнээр нийт 1.3 сая доллар хураан авчээ. Тэрбээр энэ их хэмжээний ам.долларыг ямар зорилгоор хадгалж байсан тухай эхний мэдүүлэгтээ "Ашигт малтмалын лиценз зарж олсон мөнгө” хэмээн мэдүүлээд байгаа аж.

Гэтэл сэжигтэн Б-г Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаантай холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Тухайн орд газрын лицензийг эзэмшигч хятадууд, шинээр хөрөнгө оруулж, худалдаж авсан өмнөд хөршийн иргэд хоорондоо муудалцаад байгаа бөгөөд нэгнийгээ залилсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, нөгөөдүүл нь хуурамч гарын үсэг зурсан хэмээн хариу гомдол мэдүүлж, эцэст нь цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэр холбогдоод байгаа гэх мэдээлэл бий.

Тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон гэх мэдээлэл ч байгаа бөгөөд үүнийх нь нэг хэсэг болох 1.3 сая ам.долларыг АТГ-ынхан хураан авсан нь энэ хэмээх хардлага бий юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>