ХҮҮХДЭЭ ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС ХАМГААЛАХЫН ТУЛД ТА ӨӨРӨӨ ДЭЛГЭЦЭЭС ХОЛДОХ ХЭРЭГТЭЙ

1209

ХҮҮХДЭЭ ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС ХАМГААЛАХЫН ТУЛД ТА ӨӨРӨӨ ДЭЛГЭЦЭЭС ХОЛДОХ ХЭРЭГТЭЙ

 

Яагаад “Дэлгэцийн донтолт” гэх нэр томъёо бий болсон бэ? Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолт өвчний тасаг ажилладаг гэсэн?

Зөвхөн манай орны хувьд тулгамдсан асуудал биш юм. Дэлхий нийтийн технологийн шинэчлэлтэй холбоотойгоор компьютер дэлгэцэнд донтох улмаар сэтгэц буюу зан төлвийн өөрчлөлттэй болох нь асуудал болоод байна. Сүүлийн 20 жилдл дэлгэцийн донтолт буюу зан төлвийн өөрчлөлт, компьютерийн хамааралтай сэтгэцийн эмгэгүүд бий болсон. Үүнээс гадна эцэг эхчүүдийн хүүхдээ анхаарах анхаарал их суларч, тэдэнд гаргах цаг нь багассан нь бага насны хүүхдүүд дэлгэцийн донтолттой болж, зан төлвийн өөрчлөлтөд орж цаашлцаад сэтгэцийн өөрчлөлтөд орох аюул байсаар байна.

Энэ нь мэдээж интернет тоглоомд донтохыг хамгийн түрүүнд хамруулан хэлээд байгаа юм. Мөн хүүхдийн тархинд асар их хэмжээний хэрэгтэй хэрэггүй мэдээлэл очдог болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолттой, хамааралтай болсон зан төлвийн өөрчлөлтөд орсон хүүхдүүдийг эмчлэх тасаг нээгдээд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо 200 -аад болсон байна. Оншлогдон эмчлүүлж байгаа нь 200 гэж байгаа ч гэртээ оншлогдоогүй хэдэн хүн байгааг бид мэдэхгүй.

Хүүхдээ дэлгэцийн донтолттой болсон гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Дэлгэцийн донтолтыг зарим эцэг эхчүүд бүү хэл эмч нар  ч ялгахад  хэцүү. Яагаад гэвэл уг өвчин бусад мэдрэлийн өвчнүүдтэйгээ ойролцоо шинж тэмдгээр илэрдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолт гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн 8-19 насны 200-аад хүүхдийн шинж тэмдгийг харахад:

– Нүд ойр ойрхон анивчих

– Нойргүйдэх

– Шалтгаангүй толгой өвдөх

– Уур бухимдалтай болох

– Хичээлээ шалтгаангүй таслах

– Аливаа зүйлд сонирхолгүй болох

– Зүүдэндээ тоглоомныхоо тухай ярих гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрсэн байдаг.

Дэлгэцийн донтолт өвчинд өсвөр насны хүүхдүүд компьютер тоглоомын шалтгаанаас өртөж байна гэж ойлгож болох уу?  Гар утасны хэрэглээ ихэссэн нь нөлөөлдөг үү?

Эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнхи нь компьютер тоглоомд донтож хүндэрсэн нь үнэн. Гэхдээ дэлгэцийн донтолт гэдэг нь зөвхөн компьютер тоглоом биш утас ч гэсэн орно. Өдөржин шөнөжин интернэтийн орчинд байж байнга утсаа шагайсаар утаснаас хамааралтай болох нь хүртэл дэлгэцийн донтолтод хамаарна. Зарим ерөнхий боловсролын сургуулийн орчинд ухаалаг утсыг хориглож байна.

Энэ нь юутай холбоотой вэ гэвэл ухаалаг утаснаас хамааралтай хүүхдийн халаасанд утас байвал хичээл биш утас нь сонирхол татсаар байдаг. Тэгэхээр хичээлд анхаарал хэзээ ч төвлөрөхгүй болно гэсэн үг. Зарим хүүхдүүд утсаа бүр дэрэн доороо хийж унтдаг энэ нь хүүхдийн тархины үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлж байдаг Энэ бол хамгийн наад захын ойлголт. Интернетийг хяналтгүй ашигласан хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, оюун санааны хямралд орох гээд аюул их байна.

Насанд хүрсэн залуучууд ч дийлэнх цагаа интернет орчинд өнгөрүүлдэг болсон.  Энэ нь ямар үр дагаварт хүргэх вэ?

Яагаад өсвөр насанд гэж онцлоод байна гэвэл сэтгэлгээ зан төлвийн хувьд хараахан төлөвшөөгүй байдаг учраас өртөхдөө амархан байдаг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд 20-30 дээд тал нь 40 орчим насныханы хувьд энэ эмгэг ажиглагдаж байгаа. Яагаад өсвөр насныханд ингэж анхаарал хандуулаад байна гэхээр шилжилтийн насны хүүхдүүд төлөвшиж хүн болоход дэлгэцийн донтолттой болчихвол архи тамхины хэрэглээтэй хүн шиг болдог учраас нийгмийн эрүүл мэндэд тулгамдах асуудлын тоонд зайлшгүй ордог.

Тиймээс одоо л яаралтай арга хэмжээ авч эцэг эх, боловсролын салбарынхан анхаарахгүй бол энэ эмгэг  5-10 жилийн дараа хүнд хэлбэрийн эмгэгрүү шилжих эрсдэл бий анхаарах ёстой. Насанд хүрэгчдийн хувьд ажил дээрээ зохих шаардлагын улмаас интернет хэрэглэх шаардлагатай. Асар их хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархиа дүүргэх нь ядрах, сульдах, хараа муудах, ажлын бүтээмж алдагдахаас эхлээд сөрөг үр дагаваруудтай.

a6c9ff98c16e3a1019863b44d6672108 Хүүхдээ дэлгэцийн донтолтоос хамгаалахын тулд та өөрөө дэлгэцээс холдох хэрэгтэй

Эцэг эхчүүд хүүхдүүддээ интернет орчноос татгалзахад уриалах биш, өөрсдөө харин орж ирээд утсаа бариад интернет ухаад сууж байгаа. Энэ нь харин ч өөрсдөө үлгэрлээд байгаа мэт?

Фэйсбүүк, твиттер гэх зүйл яахав байхад хэрэгтэй үедээ хэрэгтэй гэхдээ байнга тэр зүйлд хамаг цагаа үрэх шаардлагагүй. Та өөрөө ийм үйлдэл хийснээрээ уриалах үйлдэл хийгээд байгаагаа ухаарах хэрэгтэй. Бүр бага наснаас нь эхлээд уйлсан ч ухаалаг  утас битгий өгч эрхлүүл. Өгснөөр тухайн хүүхэд тань өсвөр насандаа очиход энэ эмгэгрүү татагдаж орох нь амархан болно л гэсэн үг. Дээр нь сэтгэц зан төлвийн хувьд маш тогтворгүй хүн болох эрсдэлтэй.

Дэлгэцийн донтолтод орсон хүүхдийг сэтгэцийн асуудалтай болохоос нь өмнө бүрэн эмчилж болох уу?

Нэгэнт энэ эмгэг илэрсэн бол мэргэжлийн хүнээс яаралтай тусламж авах хэрэгтэй. Эмгэг хөнгөн байх үед эцэг эхчүүдээс хамааралтайгаар эдгээх боломжой. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, амралтын өдрүүдээр салхинд гардаг ч юмуу дэлгэцээс нь хөндийрүүлэх хэрэгтэй. Манайхан өвчний шинж тэмдэг илэрч байгаа хүүхдээ анзаарахгүй эвгүй харилцаж харилцааны алдаа их гаргадаг. Энэ үед хүүхэд улам эсэргүүцэх, өөрийгөө тийм биш гэж зөрүүдлэх, багш эцэг эхийн үгнээс гажих тохиолдол байдаг. Тийм болохоор аль болох дэлгэцнээс нь хөндийрүүлэх арга хэмжээ л авах хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хандаснаар эрт эмчлэх боломжтой.

Нэгэнт хамааралтай болсон хүүхэд бүр гүнзгийрэхэд ямар аюулд хүрч болох вэ ?

Дэлгэцийн донтолтонд өртөж байгаа хүүхдийг ангилаад үзэхэд 96.8%нь хөвгүүд байгаа юм. Тэгэхээр яахын аргагүй дэлгэцийн донтолт интернет тоглоомтой холбоотой  гэсэн үг. Нэгэнт дэлгэцийн донтолтруу орчихсон хүн заавал эрүүл мэндийн тусламж авах хэрэгтэй болдог. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай мөн дээр дурьдсан шинж тэмдгүүдийн өөрчлөлтөөс хамаарч  шинж тэмдгийн эмчилгээ хийгднэ. Хүнд хэлбэр гэдэг нь л эрүүл мэндийн тусламж авах зайлшгүй шаардлагатай болж байгааг л хэлнэ гэсэн үг л дээ.

e6a4348ee83155051773e7658398da81 Хүүхдээ дэлгэцийн донтолтоос хамгаалахын тулд та өөрөө дэлгэцээс холдох хэрэгтэй

Юманд дурлах нэг өөр, донтох гэдэг бол бас өөр эцсийн шат байх. Ямар хэмжээнд хүрснийг донтлоо гэж үзэх вэ?

Шинж тэмдгүүд хүүхдэд тань илэрч байна уу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Шөнө нь тоглоомоо зүүдэлж яриад л, өдөр нь тоглоомноосоо өөр зүйлд анхаарахгүй байна гэдэг нь бүр хүнд шатруугаа орж байна гэсэн үг. Цаашлаад юманд ямар ч сонирхолгүй болох жишээтэй.

Дэлгэц гэдэгт гар утас, нөүтбүүк, компьютер, таблет, тоглоомнууд орохоос гадна зурагт гэдэг орох уу?

Зурагт орно. Өсвөр насны хүүхдээс гадна томчууд бас өвчилж байна гэдгийн нэг жишээ нь зурагт юм. Орой гэртээ орж ирсэн цагаасаа зурагтныхаа сувгийг солиод л тогтож нэг юм үзэхгүй байх тэр үйлдэл чинь бас нэг жижиг хэмжээний дэлгэцийн донтолт гэсэн үг л дээ.

Ухаалаг утас, компьютер, интернет зайлшгүй хэрэглээ болсон энэ үед хувь хүн хэрхэн барилтай байх ёстой вэ? Зөвхөн шаардлагатай үед ашиглах талаар ярьж байна л даа. Асар олон төрлийн мэдээлэл хүнийг өөрийн эрхгүй татаж байдаг?

Байнгын дэлгэцтэй холбоотой ажлыг хийж байгаа нөхцөлд 15 минут тутамд агаар оруул. Энэ нь хортой энергийг гадагшлуулж байна гэсэн үг. Нүдээ хэсэг хугацаанд аниад амрааж хэвш. Хамгийн наад зах нь дэлгэцийн урд хэр удаан сууж байгаагаа хянах шаардлагатай. Мөн үүнээс гадна хүүхдүүдэд ийм аюултай эмгэг гэдгийг нь мэдүүлэх мэдлэг өгөх хэрэгтэй. Мэдээгүйгээс болж  дэлгэцийн донтолт өвчний эмгэгтэй болж байна. Ядахдаа оройн цагаар интернэтээ унтрааж хүүхдээ болон гэр бүлээ хамгаалаарай.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>