Хуульчдын мэргэжлийн шалгалтын дүн гарчээ
Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалт 2018 оны 09 дүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Энэ удаагийн шалгалтад нийт 1143 оролцогч бүртгүүлж, 1005 оролцогч сорилгын шалгалт өгсөн байна. Үүнээс 748 оролцогч сорилгын шалгалтад тэнцэж, Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад оролцов.
Шалгалтын нэгдсэн дүнгээр нийт 151 оролцогч 70 ба түүнээс дээш оноо /хувь/ авч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн шалгалтад "ТЭНЦСЭН” байна.
Шалгалтын дүнтэй холбогдох гомдлыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "...шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор хүлээн авна” гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 8:30 цагаас 17:30 цагийг дуустал хугацаанд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гаргаж болох аж.