Энэ өдөр хоёр Герман эргэн нийлж байжээ

606

Энэ өдөр хоёр Герман эргэн нийлж байжээ

 

1990 оны 10 дугаар сарын 3-нд хоёр Герман улс эргэн нэгдсэн юм. Энэ нь ХХ зууны сүүлчээр Европын түүхэнд болсон томоохон үйл явдал. Энэ өдөр Берлинд социалист БНАГУ-ын төрийн далбааг буулгаснаар тус улс оршин тогтнохоо больсон юм.

Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон улс орнууд нацист Германыг өөр өөрийн нөлөөний бүсэд хуваасан бөгөөд АНУ, Их Британи, Францын нөлөөний бүсэд ХБНГУ, ЗХУ-ын нөлөөний бүсэд БНАГУ-ыг үүсгэн байгуулсан билээ. Унгар улс хамгийн түрүүнд Австрийн хил дээрх өргөст тороо авч, төд удалгүй 1989 оны 11 дүгээр сарын 9-нд ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын шууд оролцоотойгоор 28 жилийн турш хоёр Германыг хувааж байсан Берлиний ханыг нураасан юм. 1990 оны 5 дугаар сарын 18-нд Бонн хотноо ХБНГУ болон БНАГУ эдийн засаг, валют, нийгмийн холбооны тухай гэрээ байгуулсан нь мөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Үүнээс гурван сарын дараа буюу 1990 оны 8 дугаар сарын 23-нд БНАГУ-ын таван мужийг ХБНГУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлэх шийдвэр гаргаж, мөн сарын 31-нд зүүн Берлинд хоёр Германы удирдлагууд улс орныг нэгтгэх гэрээ байгуулжээ.

Ийнхүү 1990 оны 10 дугаар сарын 3-нд Берлинд нийслэлтэй нэгдсэн Герман улсыг зарлан тунхагласан түүхтэй. Энэ өдрийг өдгөө Герман даяар Үндэсний эв нэгдлийн баяр болгон тэмдэглэдэг.

М.Тогтох

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>