Монголын багийн түрүүч Будапешт хотыг зорилоо
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид энэ сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өчигдөр өглөө эх орноосоо мордов. Харин бүсгүйчүүд нөгөөдөр буюу 18-ны өглөө Будапештийг зорино. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай тамирчдаас гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Г.Мандахнаран долоо, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамрчин П.Өнөрбат зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Г.Наранчимэг, Э.Нарангэрэл тав, ОУХМ Б.Шоовдор дөрөв, Т.Түвшинтулга, Н.Золбоо, Э.Сумъяа, А.Батцэцэг гурав, ОУХМ Ө.Батзул, Э.Даваачимэг хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин Т.Тулга, Б.Бямбадорж, Л.Төртогтох, Э.Гантуяа, Х.Болортуяа гэсэн таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Будапештийн дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.



