Төсөв парламентын танхимаасаа Цэцийг зорих уу

464

 

 

 

Улсын төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Өчигдөр  чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлсэн.

УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх чиглэл өгсөний дагуу тус хороо лхагва гарагт  хуралдаад байгаа билээ.

Жил бүрийн өдийд төсвийн хэлэлцүүлгийг тойрсон эерэг сөрөг санаа бодол хөвөрдөг жишгээр л өрнөж байна. Гэхдээ  ирэх жилийн төсөв хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, энэ төсөв  хүссэн хүсээгүй эрх баригч улс төрийн хүчний сонгуулийн  мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн  чадавхи боломжийг бүрдүүлэх учиртай. 

Хоёрдугаарт, энэ утгаараа төсвийн орлогын төсөөллийг урьд байгаагүй хэмжээнд буюу 11,2 их наядын босго давуулж төлөвлөсөн.  МАН-ын бүлгийн зарим гишүүд үүнийгээ орлого олох мөрөөдлийн жагсаалт гэж гоочилж байгаа нь ийм учиртай.

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  төсвийн хэлэлцүүлгийг хийх  үеэр "содон” санаа бодлыг илэрхийлсэн нь УИХ-ын гишүүн Л.Болд.  Тэрбээр " Би энэ төсвийг Цэцэд өгнө. Энэ хууль зөрчсөн төсөв болсон”  гэсэн юм.  Харин төсөв  хуулийг хэрхэн яаж зөрчиж байгааг тайлбарласангүй. Түүнчлэн төсвийн хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байгаа үед ийм дүгнэлт хийх нь эрхэм гишүүний хувьд арай л "ам түргэдсэн” алхам болсон байх.

 Д.Болд гишүүний  ингэж ундууцсан шалтгаан мэдээж тойрогтоо хуваарилсан төсөвт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж буй хэлбэр байж таарна. Ер нь төсөв хэлэлцэх үеэр гишүүдийн гаргадаг  санал гомдол тойрогт хуваарилах хөрөнгө мөнгө  дээр л  төвлөрдөг.

Сонгогдсон тойрогтоо инээд цацруулж, итгэл тээгээд  эргээд очих нь гишүүн бүрийн хүсэмжлэл мөн. Харин ингэж чадах эсэх нь төсвөөс хэр юм тойрогтоо тогтоож чангааж чадахаас  хамаардаг. Яг л энэ зарчмаар асуудал өрнөж буй нь энэ. 

Эрхэм гишүүн Ч.Улаан ч бас тойргийн төсвөөр ялгаварлан гадуурхаж байна гээд Увсын зарим гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгөтэй барьцана билээ.

Ингэж төсөв тойрсон маргааны гол буруутан нь Сонгуулийн системтэй холбоотой гэдэг нь тодорхой. Жижиг тойргийн асуудал нь том асуудлаа авч үзэхгүй  орхигдуулах гээд байдгийг  зарим  гишүүд сануулдаг.  Түүнчлэн хөрөнгө оруулалтын тэгш шударга байдлыг хангахад учир дутагдалтай гэсэн байр суурийг илэрхийлдэг билээ.

Харин дашрамд дуулгахад энэ намрын чуулган Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэнэ. Ингэхдээ 2015 оны эцсээр Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн Иргэдийн хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг  эргэн харж тус тусад нь хууль боловсруулж байгаа юм байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>