ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь Б.Батзоригийг сайдаас огцруулахгүй гэж санал өгчээ

684

 

ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь Б.Батзоригийг сайдаас огцруулахгүй гэж санал өгчээ

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2018.11.06) нэгдсэн хуралдаан 11 цаг 27 минутад 54.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ.

Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Иймд түүнийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Улмаар Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувь нь дэмжиж, "Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай" УИХ-ын тогтоол батлагдлаа.

Харин УИХ-ын гишүүн О.Батнасан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Б.Наранхүү, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Г.Солтан, Ч.Улаан, Л.Элдэв-Очир, Ж.Энхбаяр нар Б.Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шаардлаггүй гэж үзжээ.Эдгээрээс О.Батнасан, Х.Болорчулуун, Г.Солтан, Ж.Энхбаяр нар нь ХХААХҮЯ-ий дэргэдэх ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>