Ч.Хашчулуун: Зээлжих зэрэглэл сайтай оронд зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог

621

 

 Ч.Хашчулуун: Зээлжих зэрэглэл сайтай оронд зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог

Олон улсын үнэлгээний S&P буюу "Standard and Poor’s" агентлаг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В-  гэсэн зэрэглэлээс  "В тогтвортой” гэсэн зэрэглэл рүү шилжүүллээ. Олон улсын түвшинд ингэж зээлжих зэрэглэл дээшилсэн нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засгийн ухааны доктор  Ч.Хашчулуунаас тодрууллаа.

- S&P  агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг өсгөлөө. Үүнийг эдийн засаг дахь сайн дохио гэж харах хүн олон байх шиг байна л даа...

- S&P  бол дэлхийн гурван том үнэлгээний компанийн нэг. Тийм болохоор тус агентлагийн гаргаж байгаа үнэлгээ, зэрэглэлд  дэлхий нийт эргэлзэж тээнэгэлэх зүйлгүйгээр яг тэр хэвээр нь хүлээж авдаг. Энэ утгаараа зэрэглэл өснө гэдэг нь маш эерэг дохио болохоос гадна Монгол улс зээлээ төлдөг,  төлөх чадвартай, цаанаа санхүүгийн сахилга хариуцлагатай, эдийн засаг нь өсөлттэй байгаа гэдгийг л илэрхийлж буй хэрэг.  

-Зээлжих зэрэглэл дээшилснийг дагалдаж ирэх эдийн засгийн ямар эерэг хандлагууд байж болох вэ?

-Мэдээж хэрэг үүнийг дагалдаж эдийн засагт сайн үр дагавар бий болно. Ерөнхийд нь авч үзвэл  зээлжих зэрэглэл сайтай улс оронд хөрөнгө оруулалт түлхүү хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог. Юуны өмнө төсөвт ирэх  дарамт буурна.

Манай улс төсвийн орлогынхоо тодорхой хэсгийг гадаад өрийн хүүнд өгч байгаа, энэ хэрээрээ төсөвт  дарамт үүсдэг. Хэрэв зэрэглэлээ дээшлүүлж хүүг бууруулж чадвал төсөвт ирэх ачаалал тэр хэмжээгээр буурна.

-Зээлжих зэрэглэл өсөхөд төсвийн дарамт буурдаг нь ямар хамаарал байна гэсэн үг вэ?

-Зэрэглэл илүү сайжирснаар гадаад зээлийн хүү буурдаг. Өөрөөр хэлбэл одоо нэгэнт авчихсан байгаа зээл, бондын хүүг илүү бага хувийн нөхцлөөр солих боломж бүрдэж байна гэсэн үг.

Манай улс төсвийн орлогынхоо тодорхой хэсгийг гадаад өрийн хүүнд өгч байгаа, энэ хэрээрээ төсөвт  дарамт үүсдэг. Хэрэв зэрэглэлээ дээшлүүлж хүүг бууруулж чадвал төсөвт ирэх ачаалал тэр хэмжээгээр буурна.

Өөр нэг эерэг тал нь гадаад зах зээлээс илүү бага хүүтэй санхүүжилт босгох боломж бүрдэж байгаа юм. Ерөөсөө зээлжих зэрэглэл сайтай улс оронд зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог.

-Аж ахуй эрхлэгчдэд нөлөөлөх  үү?

-Нөлөөлнө. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо гадаадын санхүүгийн байгууллагууд улсынх нь зээлжих зэрэглэлийг л хардаг. Өөрөөр хэлбэл улсынх  нь зээлжих зэрэглэл шууд хамааралтай байдаг. Тэгэхээр мөн ялгаагаагүй  гадны зах зээлээс бага хүүтэй зээлийн эх үүсвэр татах боломж хувийн хэвшлийнхэнд бас дагалдаж бий болно гэсэн үг.

-Баярлалаа


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>