ГАЛЫН ХАЙЧ /Өгүүллэг/

809

ГАЛЫН ХАЙЧ /Өгүүллэг/

 

Хайчныхаа амыг хаачихгүй хачин золигууд. Хоёр ир уулзуулж яс амраахад яана. Хаа таарсан газраа чулуудчих юм гэж үглэсээр эмээ зуухны хажууд мөлхөх шахуу очоод галын хайчныхаа амыг хаалаа. Сая том ах гал өрдчихөөд гарсан гэж би хов хууч хоёрын дундуур хэллээ. Эмээ миний үгийг өлгөж аваад: 
- Ээ нүгэл гэнэм гэж хэлээд` уулга алдана. 
Дээрх хэрэг өдрийн дотор хэд хэдэн удаа давтагдлаа. Эмээ урьдын янзаараа үглэсээр хайчныхаа амыг хааж харагдана. Маргааш өглөө нь том ах гал түлэх гээд галын хайчаа хайгаад олсонгүй. “Чихэнд чийртэй, нүдэнд гэмтэй хэцүү санагдахаар нь хойд жалга руу хаячихсан” гэж хэлээд эмээ тоосон шинжгүй будаг нь халцарсан гутлын бор авдрандаа даавууны өөдөс чихэж хийлээ. Том ах хойд жалга руу хэдэнтээ гүйлээ. Хайч олдсонгүй. “Тэр хайч төрхөндөө буцсан. Дөргүй хүмүүст энэ хоёр данга” гэж хэлээд хонины хавирга шиг хоёр тахир төмөр зуухны ам хөндөлдүүлээд шийдлээ. Манай ах хоёр саланга төмрөөр арай хийж аргал хавчуулж байх даа “Эмээ эд муудлаа ч эзэндээ ээлтэй гээд хадгалдаг хүн тийм амархан хаяахгүй. Уг нь чиг онгорхой, хагархай байсан ч умайлгадаг уран шаглаатай хүн дээ” гэж өөртөө шивэгнэх, цухалдахын дундуур амандаа бувтнаж байгаа нь надад дуулдана. Манайхаар шинэ галын хайчиндаа дасахгүй гар хуруугаа түлчихлээ гэж гаслах хүмүүс хааяа дуулдах болов. Би ч ядам хуруун дээгүүрээ хэд хэдэн хүрэн бор сорвитой боллоо. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа тэнгэр харанхуйлж аянга цахилгаан цахиж тас няс хийсэн нүх шиг харанхуй шөнөөр эмээ минь биднийг орхин одлоо...


* * * 
Одоо бол тэр хүрэн бор сорвиндоо маш их хайртай. Харах бүр хайр мэдрэгдэж ямар нэгэн сайхан дурсамжийг минь байнга сэрээж байдаг юм. Эмээ өөд болоод гуч гаруй хонолоо... Эмээгийн бурхан тахилыг бүтэн жил хөдөлгөхгүй гээд нэг бууцан дээрээ жил тойрлоо. Ээж өдөр бүр зул өргөж, хүрд эргүүлж, эрх эмэрсээр эмээгийн оронд эзэн суулаа. Харах тусам эмээтэй минь ялгахын аргагүй адилхан болсоор байлаа. Эмээгийн эрх танхил үрс нэг л өдөр өсөж өндийгөөд эрхэлж наадахаа болиод эрийн цээнд хүрэв. Эмээгүй өдрүүдийг туулахдаа эмээтэйгээ өнгөрүүлсэн эгшиглэнт цэнхэр өдрүүдээ дурсана. Дурсах тусмаа ой дуртгалын гүндээ бүгд харуусна. Өглөөнөөс орой хүртэлх нэгэн хэвийн агаад зав чөлөөгүй амьдралдаа түүртсээр он жилүүд бага багаар хуучирч байлаа. Хоёр ах маань ч өрх тусгаарлав. Шинэ айл нэмэгдэхийн хирээр мал сүрэг багширч том ахын, дунд ахын манайх гээд гурван азарга адуу тастав. Том ах бид хоёр өдөржингөө азарган үрээнд хураалгасан адууныхаа араас дөрөө харшуулан шогшив. Нар гудайж сүүдэр унаж байсан цагаар том ахын нэг найзтай таараад адуугаа сураглавал морин дээрээ тогтож ядан: 
- Чиний адууг харах нь байтугай. Хэдэн гүүнийхээ унагыг хээрийн боохойд суйлуулчихаад халамцуухан явна. Ингэхэд ямар аавын хүүгийн адуу өсөөд, ямар аавын хүүгийнх нь адуу цөөрдөг байна.
- Адууныхаа араас хөөцөлдөөд байвал аавын хүүхдүүдийг алаг үзэхгүй байлгүй гэж том ах тайван хариулав. Ахын найз улам гаарч зодох гэж байгаа хүн шиг ханцуйгаа шумлаад: 
- Чи бас ингэж ярина бий. Гол усаараа цуурч байхад би мэдээгүй гэж санаа юу? Эцэг өвгөдийнхөө хөрөнгийг зарж идчихээд юу ч болоогүй хүн шиг аяглана гэнэ. Тэгэхээс биш хэдхэн жилийн дотор ийм их малтай болох уу, удахгүй эмээгийнхээ хэдэн авдрыг зарж идэх үү, голомтоо самарч байж бузартав найз минь. Том ах юу ч дуугарсангүй. Тэгтэл: Үнэн үг хэлсэнд өширхөөд байна уу? Өнөөдөр хэдэн адуугаа олохгүй бол шөнөжингөө адуугаа хайна даа. Хөрөнгөтэй хүн хэцүү. Шөнө ч тайван унтаж чадахгүй хэдэн чононд адуугаа хэмлүүлнэ гээд хар дарах вий гэсээр ахын хэлэх үгийг ч сонсохгүй морио гуядсаар давхилаа. Шөнөжин хайсан ч яадаг юм. Ганц шөнийн нойр даахгүй чам шиг чадал муутай эр биш гэж том ах араас нь хашхирлаа. 
Ах маань адуугаа хайхаар уул өөдөө шогшсонгүй. Мориныхоо амыг сул тавиад гэрийн зүг хатируулав. Би “Ойрдоо хангай ширүүн байна. Хэдэн унагыг нь суйлчихвий дээ” гэхэд “Буянаараа болог. Үнэхээр бузар хөрөнгө бол ав. Авах авахдаа бүгдийг нь аваарай” гэж хэлээд дүнхийх уулсаа ширтэж байгаад дуугаа хураалаа. Том ах морио гуядсангүй. Би дуугүй аялдан дагасаар шөнө дунд гэрийнхээ барааг олж харлаа. Том ах мориныхоо эмээлийг аваад илүү гэр рүү алхав. Би ч бас аргагүй байдалд орж ахиад л дагалаа. Бид илүү гэр гэж нэрлэчихсэн болохоос эмээгийн гэр л дээ. Эмээ байхгүй болохоор эмээгийн гэр гэж хэлэхээр өөрийн мэдэлгүй эмээгээ хайгаад байдаг юм. Тийм болохоор илүү гэр гэж нэрлээд эмээгийнхээ эд хогшил, хамаг нандин эд зүйлсээ хадгална. Тиймээс бид илүү сэтгэлтэй, илүү сайхан амьдарч байх шиг санагдана. Том ах ч өрх тусгаарласан хэдий ч хааяа илүү гэртээ унтах дуртай. Илүү гэрийн хаалгыг татаад орох гэтэл урдаас сүр сар хийн малгайгаа дарж өмссөн хүн гараад зугтлаа. Би ч айж балмагдсандаа юу болж байгааг ойлгосонгүй. Том ах араас нь гүйж байснаа буцаад ирлээ. Та гүйцсэнгүй юу гэхэд өдөр таарсан хазгар л байна гэсээр гэр рүү орлоо. Би араас нь орж байхдаа “Та яаж таньсан юм бэ? гэхэд Сайн анзаарах юм бол нэг хөлийнх нь тавхай бага зэрэг хазгай байхгүй юу хүн бүр анзаардаггүй юмаа. Уулзахдаа бараг мориноосоо буух биш. Мориноосоо буувал хазгай. Морин дээрээ назгай хүн дээ гэсээр ширээний нүднээс лаа олж асаалаа. Эмээгийн хэдэн авдрыг онгичоод хаячихсан байлаа. Би сандарсандаа “Өнөөх хазгар чинь юм хулгайлчихсан байвал яана” гэж хэлэхэд “Хулгайчийг мэдэх хойно хэрвээ авсан бол өөрөө авчирч өгнө биз” гэж сандарсан шинжгүй хэлээд хэдэн авдарнуудыг шалгаж үзлээ. Эмээгийн гутлын авдрыг хүртэл ухаж үзсэн байлаа. Том ах “Гутлын авдрыг хүртэл ухаж байдаг гуйлгачин болжээ” гэсээр авдар доторхыг буцаагаад чихэж байтал даавууны өөдөөс дундаас хайчны аманд жижигхэн чулуу хавчуулаад хонины ноосонд ороогоод хийчихсэн галын хайч сугаран уналаа. Том ах ямар нэгэн зүйлийг эргэцүүлж бодож байгаа бололтой хэсэг дуугүй байснаа мушилзах шиг болов. Удалгүй гаднаас ахын хазгар найз өөрөө ороод ирлээ. Дарж өмссөн малгайгаа гартаа базаж аваад дуугүй зогсоно. Нэг хөлийнх нь гутал улнаасаа даваад газар шүргэхээр шахуу хазгай гишгэчихсэн байлаа. Том ах руу гэмшин харна. Том ах хоёулаа дараа уулзъя гэж хэлээд хазгарыг явуулчихлаа. Ахаа энэ хайчыг яах уу гэж хэлтэл “Миний дүү буцаагаад хийчих. Дараа тусдаа гарахдаа аваарай гэв. Маргааш өглөө нь ахаас эртлэн босоод адуундаа явахаар гэрээс гартал эрлийн адуу гол уруудан давхиж байлаа. Адууг дурандваас ахын адуу тоо ёсоороо байлаа. Гэртээ хар хурдаараа ороод ахын хөнжлийг татаад “Та чинь өнөөдөр яагаад унтаад байна. Адуу өөрөө ороод ирлээ. Адуу бүрэн байна” гэж хэлтэл ах хэзээний сэрчихсэн байсан бололтой нүдээрээ инээгээд “Би мэдсэн юмаа. Санаа амраад сайхан хэвтэж байхад тав тух алдагдуулаад золиг чинь” гэж хэлээд галаа асахаар бослоо.

 

 

Баатарцогтын Сайнбилэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>