Асгат саарлын угшил өндөр үнээр зарагдлаа

731

Асгат саарлын угшил өндөр үнээр зарагдлаа

 

Манай монголчууд эрт дээр цагаас адуугаа тахин шүтэж ирсэн ард түмэн. Энэ ч уламжлалаа сахиж адуутай холбоотой олон арга хэмжээ зохион байгуулдаг. Хамгийн сүүлд болсноос нь дурдвал Хэнтий аймгийн Батноров суманд өвөл цагийн адууны мал маллах урлагийг дагасан өв соёлыг хадгалж үлдэх зорилгоор байгуулсан нь “Талын түмэн адуу” эвент билээ. Харин монгол адууны чанар чансааг сайжруулах зорилготой олон улсын трэйнер, алдарт уяач Э.Ганбат болон “Макс” угшилын хурдан морьдын хурд хуваах  тав дахь удаагийн дуудлага худалдаа өнгөрсөн ням гаригт боллоо. “Макс”-ын Э.Ганбатын  адууны жүчээ гэдгээр нь  хүмүүс андахгүй мэддэг Өлзийт хороолол дахь адууны жүчээнд дугаартай пайз зүүсэн морьдыг уясан байв.  Хэдийгээр хүйтэн өдөр байсан ч морь сонирхогчид, энэ арга хэмжээнд оролцохоор зорьж ирсэн хүмүүс морьдын өнгө зүсийг  шинжин хэлэлцэх ажээ. Харин  дөрвөн саяаас эхлэн дуудах дуудлага худалдаанд оролцохыг хүсэгчид зүүн гэрт бүртгүүлж байв. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  дуудлага худалдааны талаар зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонирхсон юм.
 
“Макс” группын захирал, тод манлай уяач Д.Цэрэнжигмэд: ДУУДЛАГА ХУДАЛДААНД МОРЬ СОНИРХДОГ ХҮМҮҮС Л ОРОЛЦДОГ
 
-Олон улсын трэйнер, алдарт уяач Э.Ганбат болон “Макс” угшилын хурдан  морьдын хурд хуваах  зорилгоор зохион байгуулж байгаа дуудлага худалдаанд  их нас, азарга, даага, шүдлэн зэрэг насны 40 орчим адууг оруулахаар авчраад байна. 2008 онд анх эхэлсэн дуудлага худалдаа нь цаашид олон улсын жиш­гийн дагуу манай оронд хөгжих ёстой байгаа юм. Ингэснээр сайн уяачид морьдоо оруулах, сонгож худалдан авах боломжийг бүр­дүүлэхийг зорьж байна. Дууд­лага худалдааны ханш дөрвөн саяас эхэлж байгаа.  Харин морь сонирхож байгаа хүмүүс л дуудлага худал­даанд оролцдог уч­раас оролцогчдын тоо их цөөхөн байдаг. Дуудлага худалдааг орон нутгийнхан сайн адуутай байвал  зохион байгуулж болох л байх. Ирээдүйд улсын хэмжээнд дуудлага худал­дааг зохион байгуулах үн­дэс энд тавигдаж байна. Анх зохион байгуулснаас хойш 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд зургаа, долоон удаа дууд­лага худалдаа хийсэн байх. Мөн өмнөх дуудлага ху­дал­даагаар 20 гаруй сая төг­рөгт хүрч байсан морьд бий. Морь сонирхдог бо­лоод 20 гаруй жил болж байна гэхээр энд  байгаа морьд бидний 20 жилийн хөдөлмөр юм даа.

Асгат саарлын угшил өндөр үнээр зарагдлаа
Дуудлага худалдааны нээлтэд оролцсон уртын дуучин Д.Жавхаасайхан: АЗЫН СОЁОЛОНГОО ЭНЭ ЖИЛ УРАЛДУУЛАХААР УЯЖ БАЙНА
 
-Гурван жилийн өмнө “Макс” групп  унага тамганы найраа хийсэн юм. Энэ үеэр  хотоос уригдсан 100 гаруй хүний дунд явуулсан сугалаагаар би унагатай болсон. Энэ унагаа даага, шүдлэн үрээ байхад нь уяж жижиг уралдаанд түрүүлж байсан. Харин хязаалан насанд нь өнжөөсөн.  Энэ жил соёолон насанд уралдуулах санаатай уяж бэлдэж байна. Энэ дуудлага худалдаанд орж байгаа морьдоос  гурав гэсэн дугаартай хүрэн халзан үрээ азарга тавьчихмаар юм гэж харж байна. Бас их хурдан ч байх.
 
Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат н.Энхбат:  МАНАЙХ МОРИН ТОЙРУУЛГАТАЙ БОЛОХ ЦАГ ИРСЭН
-Олон сайхан морьд байна. Энэ дундаас арай мон­голжуу  төрхтэй  хар, саарал зүсмийн хоёр адууг сонирхож харлаа. Бусад нь хольцтой шинэ цагийн адуу­нууд байна. Манай мон­гол­чууд чинь эрт дээр цагаас хүлэг морио шин­жиж, сэтгэлийн цэнгэл эдэл­дэг ард түмэн шүү дээ.  Олон сай­хан адуу харлаа. Би морь сонирхож эхэл­сээр  бие дааж 30 гаруй жил морь уяж байна даа. Тухайл­бал, Сэцэн ханы хурд, Равжаагийн мэн­дэлсний 200 жилийн ойд зориулсан бүсийн наа­дамд морио уралдуулж эхний 10-т орж байсан. Нутгийнхаа наадамд бол хэд хэдэн  удаа түрүүлсэн. Би ер нь монгол адуундаа дуртай хүн. Манай монгол адуу чинь тэсвэр сайтай, хол замыг даана, хурдлах чадвар сай­тай. Надад ч гэсэн хэдэн эрлийз адуу байгаа. Хурдан нь гарцаагүй үнэн юм билээ. Манайх морин тойруулгатай болох цаг ирсэн. Дэлхийн  жиш­гийг дагах хэрэгтэй шүү дээ. Дан цэвэр цусны адуу урал­­дуул­даг,  дэлхийн жи­шигт нийцсэн морин тойруулгатай болж болно. Хүмүүс ч сонирхоно шүү дээ.
Асгат саарлын угшил өндөр үнээр зарагдлаа
Ийнхүү амралтын өдрөөр болсон  арга хэмжээгээр найман адуу худалдсан  “Макс” угшилын хурдан морины хурд хуваах дуудлага худалдаа 16:00 цаг өнгөртөл үргэлжилж өндөрлөсөн юм.  Дуудлага худалдаанд олон удаа улс бүсийн наадамд түрүүлж айрагдаж байсан хурдан морьдын үр төлийг авчирсан нь хүмүүсийн харааг булааж, сонирхлыг татаж байлаа. Тухайлбал, Жигүүр хул, араб азарганы төл хээр гүү хоёрын дундаас гарсан  сартай хээр азарган соёолон, Асгат саарлын төл, Хүрэн халзан азарганы төл,  хонгор халзан даага зэрэг морьд байв.
Энэ дуудлага худалдаанаас олдог орлогын тодорхой хувийг хүүхэд асрах төвийн хүүхдүүдийн нэр дээр дэвтэр нээж хадгаламжтай болоход зарцуулдаг гэж зохион байгуулагчид ярилаа. Мөн энэ  дуудлага худалдаагаар улсад хоёр түрүү, нэг аман хүзүү, Их хурдын айраг, Бүсийн нэг түрүү авч байсан асгат саарлын төл саарал хязаалан 20 сая төгрөгөөр зарагдсан гэж зохион байгуулагчид хэлсэн юм.

 

Х.ОЮУНБОЛД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>