Холын чиглэлд явдаг автобуснууд ирэхгүйгээс болж иргэд осгож хөлдлөө

526

Холын чиглэлд явдаг автобуснууд ирэхгүйгээс болж иргэд осгож хөлдлөө

 

Нийтийн тээврийн үйлчилгээ бол нийслэлийн анхдагч, нэн чухал шаардлагатай үйлчилгээний нэг гэдэг. Тэгвэл шаардлагатай үйлчилгээгээ сэтгэл ханамж дүүрэн үзүүлж чадаж байна уу.

Сүүлийн үед сүлжээ төлөвлөлт судалгаагүй хийснээс түгжрэл, автобус хүлээлт ихэссэн. Эл хүйтэн өдрүүдэд автобус хүлээх хэцүү байна.

Ялангуяа холын чиглэлд явдаг жижиг автобуснууд хоёр орой үйлчилгээ нь доголдож, хамаг амьтны уур барж, цөхрөөв. СХД-ийн алслагдсан хороо болох 32 руу 2 жижиг цэнхэр автобус 50, 50 минутын зайтай явдаг юм. Гэхдээ 10 дугаар хорооллоос эргэж Баруунтүрүүний эцэс хүртэл явна.

Уржигдраас эхэлж үйлчилгээ нь доголдож "Түгжрэлд ороод цагтаа явж чадахгүй байна" гэсэн шалтгаанаар явахаа болив. Тухайлбал тэр өдрийн 14.00 цагаас эхэлж үйлчилгээ нь доголджээ. Баруунтүрүүнээс хот орж ирэх ёстой автобус яваагүйгээс болж 15.30 цагт хичээл нь ордог хүүхдүүд бүгд хичээлээ тасалж, хичээлээсээ хоцорсон юм.

Орой нь мөн цагтаа яваагүй. 16.00 цагт хичээлээсээ тарсан хүүхдүүд бүтэн 4 цаг, 17 цагт ажил нь тарсан хүмүүс 3 цаг автобус хүлээж зогслоо. Цаг хүлээлгэдэг байсан бол одоо 3-4 цаг хүлээлгэдэг болов. Хар хүйтэнд орох ч газар олдохгүй, автобусны буудлууд дээр байдаг ТҮЦ-нд түр дулаацах гэхээр хөөгөөд гаргадаг. Хөөгдөхгүйн тулд заавал юм худалдаж авч зогсоно.

Хоёр өдөр үйлчилгээ нь доголдсон хоёр автобус түгжрэлийн асуудлаас болж нэг талдаа гарч ар араасаа явах ч тохиолдол байна. Ингэж явах хооронд нөгөө талд нь хүмүүс автобусаа хүлээж хөлдөж үхэх шахдаг. Холын чиглэлд энэ хоёр автобуснаас өөр автобус байхгүй. Хот дотор бол автобус дамжиж сэлгээд гэр орондоо харьж, хичээл сургуульдаа ирчихнэ. Хол явдаг хүмүүс үнэхээр хэцүү байна. Ингэж түгжрэлээр түрүү барьсан жолооч нар хамгийн сүүлийн цаг болох 21.20 цагт явахгүйгээс болж орой ажил нь тардаг хүмүүс гэр орондоо харьж чадахгүй хохироод байна.

Арга ядсан хөгшүүл "Бид яах вэ, үеэ элээсэн хүмүүс осгосон ч гарзгүй юм. Энэ сургуулийн хүүхдүүд хэцүү байна. Ийм байдлаараа байвал осгож мэднэ. Бүхэл бүтэн 3-4 цаг хүлээгээд автобус ирэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Яагаад ийм ачаалалтай түгжрэлтэй үед богино эргэлт хийлгээд, асуудлыг нь нааш цааш зохицуулчихаж болдоггүй юм бэ" гэж үглэж, дороо холхихоос өөр юу ч хийж чадахгүй.

Өчигдөр орой мөн энэ чиглэлийн автобус цагтаа явахгүй, нэг талдаа гарсан байгаа юм. Хоёр өдөр ингэж байгаа юм чинь цаашид яах вэ, нийтийн тээврийнхэн, Автобус-3 баазынхаан.

Яагаад зохицуулалт хийж болдоггүй юм бэ, яагаад зовлон ойлгохыг хүсдэггүй дарга нар, жолооч нар бэ. Хөгшид, хүүхэд гээд осгож үхтлээ хүлээж ядна, сүүлдээ цөхөрнө. Уржигдар орой хүйтэнд автобус ирээгүйгээс болж нэгдүгээр ангийн хүүхэд чихээ хөлдөөж, хацраа хайруулсан. Үүнд хэн буруутай юм бэ, эцэг эх нь үү, цагтаа явахгүй удаан хүлээлгэсэн автобусны жолооч нар уу.

Жолооч нараас яагаад ингэж цагтаа явахгүй байгаа учир шалтгааныг асуухаар "Түгжрэл ихтэй байна, цагтаа яагаад ч явж амжихгүй байна" гэж уурлана. Тэгвэл энэ асуудлаа цааш нь удирдлагууддаа уламжилж, маршрутад зохицуулалт хийж өгч болдоггүй юмуу. Уг нь бол богино эргэлтээр яваад байж болно биз дээ, хэлэх ч үг алга. Санал гомдол хүлээж авдаг гэх диспетчертэй нь холбогдох гэхээр ерөөсөө утсаа авдаггүй. Иргэд бид холын чиглэлд явдаг автобусны үйлчилгээ, санал гомдлын талаар хаана хандах ёстой юм бэ. Автобусны үйлчилгээ хариуцсан удирдлагуудаа хар хүйтэнд, харанхуй шөнөөр хэдэн цагаар ч хамаагүй автобус хүлээгээд зогсоод үзээсэй. Зовлонг нь ойлгож мэдрэх болов уу. Үнэхээр хүндрэлтэй байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>