ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЮУ

656

ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЮУ

 

Одоогоос жилийн өмнө Ц.Нямдорж сайдын унадаг тансаг зэрэглэлийн машин олны анхаарлыг татаж байв. Бүрэн тоноглогдсон 390 орчим сая төгрөгийн үнэ бүхий тансаг “Lexus 570”  машиныг Ц.Нямдорж унаж байгаагаа ч баталсан. Салбарын сайд ингэж тансаглаж байхад ҮАБЗ-ийн тэргүүний хамгаалалтад ямар машин гаргах эсэхээ мэдэхгүй Төрийн тусгай хамгаалалтынхан барьц алдах болжээ.

Уг нь ҮАБЗ-ийн гишүүдийн хамгаалалтад зориулсан дөрвөн ширхэг бүрэн хуяглагдсан Mercedes-Benz G-Class G500 машин бий. Нэг бүр нь 750 сая төгрөгийн үнэтэй бүрэн хуяглагдсан Mercedes-Benz G-Class G500 машин нь Төрийн гурван өндөрлөгийн хамгаалалтад зориулагдах ёстой. Гэтэл Ерөнхийлөгчид энэ машин “хүртэхгүй” байгаагийн учир нь юу вэ? 


Бүрэн хуяглагдсан гэх Mercedes-Benz G-Class G500 машины гурав нь Ц.Элбэгдорж, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын хамгаалалтад явж байсан байдаг. Харин дөрөв дэхийг нь тухайн үеийн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хөлөглөж байв. Учир байдлыг нь тодруулбал тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц УИХ-ын Дэд дарга байсан Ц.Нямдоржтой эвлэрэхийн тулд "долигонож" дөрөв дэх машиныг түүний хамгаалалтад гаргажээ. Харин Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болж УИХ-ын Дэд даргаасаа буумагц түүний машин шинэ УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгаланд шилжжээ. Мөн Ц.Элбэгдоржийн хамгаалалтад явж байсан Mercedes-Benz G-Class G500  машин Х.Баттулга Ерөнхийлөгчид очсонгүй, Б.Хурц өөртөө  авч унажээ.

Ерөнхийлөгчид зориулагдсан машиныг Б.Хурц хөлөглөх болсноос үүдэн  Төрийн тусгай хамгаалалтын газрынхан Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгаалалтад явуулахаар Ц.Нямдоржоос УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгаланд очсон машиныг авах гэсэн ч бүтэлгүйтсэн тухай эх сурвалжууд хэлж байна. 

Одоо бол Б.Хурц төрд ямар нэг алба хашдаггүй ч ҮАБЗ-ийнхөнд зориулсан машинаар тансагласаар байна. Үүгээр ч зогсохгүй Б.Хурцын унадаг гэх 4664 УБО дугаартай замын хөдөлгөөний дүрмийг “тогтмол” зөрчиж, их хэмжээний торгуул төлөхөөр болжээ.  

Ийнхүү төрийн хуулийг зөрчиж, төрийн унаагаар тансаглаж яваа Б.Хурцын хэтэрсэн үйлдлүүдэд хэзээ хязгаар тогтоох вэ?  ҮАБЗ-ийнхөнд зориулж дөрвийн дөрвөн машин авсан байхад ҮАБЗ-ийн Тэргүүний хамгаалтад гарах машингүй байсаар байна. 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>