БНХАУ Австралийн нүүрсний импортыг тодорхойгүй хугацаагаар зогсоов

857

БНХАУ Австралийн нүүрсний импортыг тодорхойгүй хугацаагаар зогсоов

БНХАУ Австралиас нүүрс импортолдог гол шугам болох Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан талаар Ройтерс болон ABC өнөөдөр мэдээлжээ. Тодруулбал, Далианы боомтоор Австралиас жилд 12 сая тонн коксжих нүүрс экспортлох квоттой юм байна. Тус боомт нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн гол цэг бөгөөд Далиан, Баюйкүан, Панжинь, Дандон болон Бэйлиан гэсэн таван эргээр дамжуулан импортоо хийдэг. 

Энэ нь улс төрийн шийдвэр хэмээн үзэж байгаа талаар Ройтерс мэдээлсэн байна. Учир нь ОХУ, Индонези зэрэг бусад улсаас авах нүүрсний импортдоо БНХАУ ямар нэгэн хориг тавиагүй байгаа. 

Энэ талаар Австралийн санхүүгийн томоохон конгломерат CBA банкны шинжээч Вивек Дхар Хятад улс Австралийн нүүрсийг онилсон шийдвэр гаргаж байна хэмээн эмээж буйгаа ABC-Д ярьжээ. 

Харин BHP-ийн гүйцэтгэх захирал Эндрю Маккензи эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Энэ нь Хятад улс дотоодын үйлдвэрлэлтэйгээ холбоотойгоор хийх төлөвлөлт, зохицуулалттай холбоотой шийдвэр гэж харж байна. Хятадын дэлхийн бусад улс оронтой үүссэн харилцаатай холбоотой шийдвэр гэж би үзэхгүй байна" гэжээ. 

Тэгвэл Вүүд Маккензийн судалгаа хариуцсан захирал Робин Гриффин уг хориг урт хугацаанд үргэлжлэх нь Хятад, Австралийн эдийн засгийн аль алинд нь томоохон нөлөө үзүүлэх талаар байр сууриа хэлсэн байна. Тухайлбал, Хятадын хувьд хүрэн нүүрсээ илүү өндөр үнээр авах нөхцөл бүрдэх бол Австралийн хувьд экспортын нүүрсний илүүдэл үүсэж мэдэх нь.  

Австрали улс БНХАУ-ын нүүрсний импортын 44%-ийг нийлүүлдэг хамгийн том тоглогч. Хятадтай хийсэн нүүрсний экспортоосоо жилд 64 тэрбум ам.долларын олдог байна. Харин БНХАУ дээрх шийдвэрийг гаргаснаар ам.доллартай харьцах австрали долларын ханш 71 цент болж буураад байгаа аж.  

БНХАУ жилд 75-80 сая тонн коксжих нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч буй бөгөөд 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. 

Эх сурвалж: ABC

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>