Ж.Батзандан: Ц.Пүрэвтүвшинд 400 сая ам.доллар байтугай дөрвөн сая төгрөг ч байхгүй

497

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Эрдэнэт үйлдвэрийг тойрсон хулгай луйврын асуудлаар  бид сүүлийн хоёр жил олон түмэнд бодит шийдвэрийг өгч, тэмцлээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бидний гарт Эрдэнэтийн луйврыг таслан УИХ-ын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байна. Үүнээс гадна Засгийн газрын тогтоол шийдвэрүүд байна.

Өчигдөр ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт очиж онцгой дэглэм тогтоосон. Ингэснээр Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг хяналтдаа авсан гэж ойлгож болно. Хэсэг нөхдүүд Засгийн газартай хуйвалдах замаар Монголын ард түмэн давуу эрхээр худалдаж авах боломжийг дээрэмдэж авсан байна. Дээрээс нь 400 сая гаруй ам.долларын мөнгө угаалт хийсэн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Бидэнд өдөр бүр иргэдээс мэдээлэл ирдэг.

Өчигдөр гэхэд “Ц.Пүрэвтүвшин 10 жилээ Ховдод дүүргэсэн. Ховдын хүүхэд. Хотод ирэнгүүтээ гэнэт баяжсан нь сонирхолтой байна” гээд ах, дүү, ангийн нөхөд нь ярьж байна. Ц.Пүрэвтүвшингийн хоёр өрөө байрны ипотекийн зээлийг ээж нь төлдөг гээд уйлчихсан цагдаагийн үүдээр эргэлдэж байна. “Манай хүү хүний гар хөл боллоо. Хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй. Манай хүүд 400 сая ам.доллар байтугай дөрвөн сая төгрөг байхгүй” гээд ах, дүү нар нь ярьж байна.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор мөнгө угаалт хийж, 20 гаруйхан настай залуучуудыг гэмт хэргийнхээ гар, хөлөө болгосон бузар МАНАН мафитай хатуу тэмцэнэ. Бидэнд асар их дарамт ирж байна. Гэхдээ бид тоохгүй. Бидний ард байгаа УИХ-ын 40 гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа хамт Монголын баялаг ордуудыг тонон дээрэмддэг, Монголыг хулгай луйврын аргаад авдаг энэ мафын бүлэглэлийн эсрэг хатуу зогсох болно. Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан нөхдийг өчигдөр шүүхээс сулласан байна. Луйврын аргаа хэрэглэж сулласан шүү. Шүүгчийг нь сольж, дээрээс нь нөлөө бүхий улстөрч дарамталж байгаад суллуулсан гэсэн мэдээ ирсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн долоо хоногт би цагдан хорих 461 дүгээр ангид ажилласан. Тэнд хүний эрх зөрчигдөж байна. Монгол Улсын хууль тогтоомжийг шинэчлэснээр эрүүдэн шүүлтийг байхгүй болгосон гэж бодож байтал бахь байдгаараа байна. Дээр нь хэдэн жилийн өмнө амьдаар нь тамладаг газар гэж АТГ-ыг шүүмжилж байсан бол өнөөдөр амийг нь тасалдаг газар гэмээр нөхцөл байдалтай болж” гэлээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “3-4 хүнийг саатуулахтай холбоотой асуудал гарсан. Энэ хэргийг нийгмийн анхааралд өртүүлэхгүй бие нь өвдсөн гэх зэргээр шалтаглаж энэ хэргийг замхруулах байх гэж бидний таамаглаж байсан юм. Гэтэл өөрсдийнхөө томилсон эзнийг нэгхэн хоног ч саатуулж чадахгүй арчаагүй байдалд Монголын хууль хяналтын байгууллага бүхэлдээ орсныг энэ үйл явдал батлан харууллаа. Болдбаатар шүүгч энэ хэргийг шүүх ёстой байтал гэнэт нэг өдөр бие нь өвдсөн гээд солигдсон. Дараа нь УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөрийн хүү Х.Идэр гэж шүүгчийн томилсон. Ийм мэдээллүүд ирсээр байсан. Нийслэлийн прокурор дээр ялагдагчаар татах уу гэдэг асуудал яригдана. Яаж шийдэхийг Монголын ард түмэн харж байгаа. Шударга ёсны төлөө тэмцэх парламентын гишүүд гарч ирсэн. Энэ нөхцөл байдлаас гарах улс төрийн зорилготойгоор Монгол Улсын парламент ажлаа хийгээсэй. УИХ-ын гишүүд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Үндсэн хуулийн реформ, шүүх, хяналтын байгууллагын реформ хийж байж Монгол Улс цаашаа хөгжих нь энд хүрээд тодорхой боллоо.

Хөшигний цаана байсан зүйлс туйлын тодорхой харагдлаа. Тиймээс МАНАН дэглэмийн эсрэг цаашдаа үргэлжлүүлэн тэмцэх болно гэдгээ илэрхийлье. Ерөнхий сайд удаа дараалан энэ тэмцэлтэй нэг талд байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар шат шатандаа хүчгүйдэж байна. Үүний нэг энгийн жишээ гэхэд Эрдэнэтийн 49 хувийг шийдэхэд Захиргааны хэргийн шүүх дээр бүх шийдвэрийг нь унагаасан. Ийм шийдвэр гаргасан шүүгч нь М.Батсуурь. Түүний аав нь Эрдэнтийн 49 хувийн мөнгө угаалтад оролцсон найман компанийн нэгийг байгуулсан. Ийм байдлаар аль юм болгон явах вэ. Энэ хэрэгтэй эвлэрвэл улс төрийн намууд сонгуульд оролцохдоо шударга ёс тогтооно гэж амлах хэрэггүй. Улстөрчид гарч ирээд шударга ёс тогтооно гэж хэлж яах юм бэ. Энэ бол хардлага дагуулсан асуудал биш. 400 сая ам.долларын асуудал. Ийм хэргийг сарниулдж чадаж байгаа шүүх, прокурор энгийн иргэнтэй холбоотой асуудлыг яаж шийдэх бол. Бид юунд итгэж цааш явах юм бэ.

Онцгой дэглэм тогтооно гэдэг нь Засгийн газар хяналтандаа авч, Эрдэнэт үйлдвэрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Шийдвэрлэх зургаан сарын хугацаа дуусвал УИХ-аар оруулж сунгах боломжтой. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ийм хуулийн заалт зөндөө бий. Онцгой дэглэм тогтоосон явдалд эрх зүйн зөрчил гарахгүй. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүхнийг хараад гутарч байна

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой худалдан авах ажиллагааны тендерүүдийг зарлах уу?

-Худалдан авалт болон Эрдэнэт үйлдвэртэй холбоотой бусад ажлуудад доголдол үүсэхгүй. Хуулийнхаа дагуу процесс явна. Үндсэндээ Төрийн өмчийн хорооны мэдэлд ирж байна гэсэн үг. Төрийн өмчийн хороо тулгамдаж буй 10 орчим асуудал дээр ажиллана. Эдгээрийн зайлшгүй шийдэхгүй бол Эрдэнэт үйлдвэр барьцаалагдчихсан асуудал бий. Шүүх хяналтын байгууллагад нөлөөлөх гэлээ гэж О.Магнай мэдэгдсэн. Тэр “Оюун-Эрдэнэ прокурорын ажил хийх гээд байна. Цагдаагийн ажлыг өмнөөс нь хийлээ” гэсэн зүйл хэлсэн. Миний мэдэж байгаагаар О.Магнай хамгийн их шударга ёс ярьдаг хүн байсан.

Уг нь Эрдэнэт үйлдвэр, 60 тэрбумтай холбоотой асуудлыг сөрөг хүчин ярьж, бид түүнд нь шахагдаж ажлаа хийх ёстой. Харамсалтай, Д.Эрдэнэбат бүлгийн дарга, намын дарга нь Эрдэнэтийн 49 хувьтай орооцолдчихсон. Тиймээс бид үүнийг ярихаас өөр гарцгүй болчихлоо. Албан тушаал авчихаад алга болохыг би хүсэхгүй байна. Сайд болсон гишүүн байхдаа ярьж байсан байр суурин дээр адилхан байх ёстой. Тиймээс олон асуудлыг ил болгоно. Хэн дээр очоод, хаана гацаж байгааг та бүхэн харсан. Үүн дээр чичрээд байх зүйлгүй. Хуулийн байгууллага ажлаа хийгээд явсан бол заавал тэрийн ЗГХЭГ-аас гаргаж задлах шаардлагагүй.

49 хувьтай холбоотой санхүүгийн систем хоёр жилийн хугацаанд нууц байсан. АН-ын шударга залуус ийм асуудал дээр таг дуугүй явсныг бодохоор гайхаж байна. Нийгмийг өөрчлөхийг дэмжсэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад баярлалаа. Энэ тэмцэлд эрсдэл гарна. Нийгэмд буруугаар ойлгогдох зүйл гарна. Зарим хүмүүсийн амь настай холбоотой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнийг хийхгүй бол урагшлахгүй. Ц.Элбэгдорж миний хувьд хүндэлдэг улстөрч байсан. Харамсалтай нь, тэр хүн уул уурхайн жижигхэн системээс болж ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүллээ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт лидерүүдийг бид харж өссөн. АН-ын тэргүүлэх лидерүүд улс төрийнхөө капиталыг ганцхан хүнд өгчихөөд үг хэлж чадахгүй байгаад гутарч байна.

Р.Хишигжаргал

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>