ЖАГСААЛЫН УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛД 4300 ГАРУЙ АЖИЛТАН, АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлийг өнөөдөр 05:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалын бэлтгэлд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит газар, аж ахуйн нэгж, байгууллагын 4300 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо.
Гамшгаас хамгаалах иж сургууль энэ сарын 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар эхлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.