Ц.Даваасүрэн сайдын дайралцах сэдэв одоо Оюутолгой биш шүү

38

Ц.Даваасүрэн сайдын дайралцах сэдэв одоо Оюутолгой биш шүү

 

Оюутолгой эдийн засгийн ач холбогдлоосоо гадна орчин цагийн Монгол Улсын нэрийн хуудас л даа. Гадаадын хөрөнгө оруулалтын “луужин” ч гэдэг. Оюутолгой шиг орчин үеийн дэвшлийг шингээсэн том төсөл хэрэгжиж байгаа газарт гаднынхан итгэж хөрөнгө оруулах хандлага бий гэсэн үг.

Ер нь, хэрэв Орос, Хятадын хөрөнгө оруулалттайгаар тус ордыг ашиглаж байсан бол дэлхийд ингэж алдаршихгүй, бид ч байн байн шалгаж, шүүж элдэвлэж чадахгүй байлаа. Наад зах нь, Эгийн гол дээр усан цахилгаан станц барья гээд Оросоос хэчнээн ч жил гуйж байна вэ дээ. Тийм болохоор Оюутолгойн гэрээг байгуулсан “Стандарт бус” гэгдэх Засгийн газрын тэргүүн асан С.Баяр “Зөвхөн эдийн засаг ч биш” гэж ам алдсан байдаг. Энэ бас тусгаар тогтнолын ч үнэ цэн шингэсэн эд. Гэхдээ манай улсын дотоодод бол улстөржих ганц ганган сэдэв нь. Энэ сэдвийг өнөөгийн эрх баригчид ч зүгээр өнгөрөөгөөгүй юм. Өнгөрөөх ч арга байхгүй. УИХ-д нэг нам дангаараа 64 суудал бөглөж, сөрөг хүчингүй ажиллаж байхад яаж бусдаасаа давж олны анхааралд өртөх юм болж байна.

Тиймээс ч өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн гэрээг шалгах чиглэл бүхий ажлын хэсэг байгуулагдахад орох хүсэлтэй УИХ-ын гишүүд олон байсан гэдэг. Тэр нь тухайн ажлын хэсгийг өргөтгөж УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар дээр нэмээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нараар зузаатгаснаас нь харагддаг. Парламентад суудалгүй нам, ТББ-уудын төлөөллийг ч оруулсан. Дараахан нь мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаар ахлуулсан УИХ-ын 15 гишүүнээс бүрдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан юм. Энэ дунд уул уурхайгаар дагнан улс төр хийдэг хүмүүс ч багтсан. Тэгэхээр хүлээх үр дүн ч тодорхой.

Ийнхүү болдог юм болдгоороо болж Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны тавдугаар сарын 18-нд хийсэн Оюутолгойн далд бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”-г цуцлах ёстой тухай дүгнэлт гаргасан талаараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан мэдэгдэх нь тэр.

Хэрэв далд бүтээн байгуулалтын гэрээ цуцлагдах юм бол наад зах нь Оюутолгойн болон туслан гүйцэтгэгч компанид нь ажилладаг 20 гаруй мянган монгол хүн ажлаа алдана. Өнөөг хүртэл лавтай тоогоор 1.6 тэрбум ам.долларын (Чингис бонд 1.5 тэрбум ам.доллар) татвар төлсөн аж ахуй сул зогсоно гэсэн үг.

Гэтэл хачирхалтай зүйл ганц үүгээр дуусахгүй байна. Сайн, муу хэлүүлж байгаа ч уул уурхайн салбар Монголын эдийн засгийг авч яваа. Одоо цаг үе эмзэг байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар нийгэмд янз бүрийн ойлголттой байгаа. Салбарын сайдын хувьд би ийм том бүтээн байгуулалтын ажлыг зогсоох, гэрээг цуцлах асуудал байж болохгүй гэдгийг хэлье. Энэ төсөлд шууд болон шууд бусаар 45 мянган хүний амьдрал ахуй холбогддог. Тэнд 700 гаруй аж ахуйн хөрөнгө оруулагчдыг татаж, дотоодын ажлын байраа нэмэгдүүлж, төсвийн орлогоо нэмж, эдийн засгаа тэлэх бодлогыг барихгүй бол эдийн засаг цаашаа явахгүй” гээд байр сууриа илэрхийлж байлаа.

Засгийн газрын танхимын салбар хариуцсан сайд болоод Эрчим хүчний сайдын үг зөрөх нь, энэ. УИХ-ын сул гишүүн Д.Тэрбишдагвын хувьд юу ч хэлсэн нээлттэй. Харин Засгийн газар бол танхимаараа ажилладаг бололтой.

Өчигдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Дубайн гэрээ бол хууль бус. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гээд хийчихсэн мөртлөө Хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт оруулчихсан.Төлөвлөгөөгөөр гэрээнд өөрчлөлт оруулж болохгүй. Тэр тусмаа Дубайн гэрээний хувьд УИХ-д танилцуулах шаардлага байсан. Энэ талаас нь ажлын хэсэг дүгнэлт гаргасан байх гэж найдаж байна. Хууль бус гэрээг цуцлах ёстой. Тэр нь Дубайн гэрээ. Энэ бол миний байр суурь. Дубайн гэрээний хамгийн хортой зүйл нь юу гэвэл манай ордыг аваачаад дэлхийн томоохон арван хэдэн банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан. Тэгээд тэр дөрвөн тэрбумын зээлийг нь Рио Тинто өөрөө аваад хэрэглэчихсэн. Уг нь энэ далд уурхайдаа хэрэглэх ёстой байсан. Одоо бол далд уурхайдаа мөнгөгүй, станцдаа мөнгөгүй гээд байж байгаа” гэсэн юм.

 

Өмнөх өдөр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхай бол эмзэг салбар. Хүмүүсийн сонирхол янз бүрийн байдлаар илэрдэг. Хүн болгон өөрийн байр сууриа илэрхийлж байх шиг нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хүний нөөцийн бодлогын хүрээнд монголчууд ажиллаж байгаа. Ийм олон хүний амьдрал ахуйг баллаж болохгүй. Мэдээж Оюутолгойн гэрээг сайн гэж хэлэхгүй. Үүнийг засч сайжруулах зайлшгүй шаардлага бий. Гэхдээ бид ширээний ард соёлтой, ухаалгаар шийдэх ёстой. Монгол хүн аливаад уужуу хандаж, зорьсон зүйлээ шийдүүлж чадах ухаалаг байх ёстой гэж ойлгож байгаа. Өмнө нь хийсэн Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн тухай янз бүрийн тайлбар явж байна. Эдгээрийг засч залруулах боломж бий. УИХ-аас томилсон ажлын хэсгийнхэн дүгнэлтээ боловсруулж, саналуудаа нэгтгээд УИХ-ын даргад танилцуулах байх. Үүнээс хойш Байнгын хороо болон бусад шатны хурлуудаар хэлэлцэх байх. Ерөнхийдөө 2010 оноос хойш бүтээн байгуулалтад 8.7 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүнээс 2.3 тэрбум ам.долларыг хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. Оюутолгойн хөрөнгө оруулалт, төслийн явцыг харж байж, дараагийн хөрөнгө оруулагчид ирэх учраас бид нухацтай хандах ёстой. Гуравдагч хүчний олон зайгаа тэлж, гаднын онцлогтой. Нэгүгээрт танхимынхаа байр суурийг дагах ёстой юм.

Гэвч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хувьд хариуцлагатай албан тушаалд очсон улс төр хийдэг сэдвийнхээ талаар дуугарахгүй байж болсонгүй бололтой. Үүнээс улстөрч хүн сайд хийх ёстой юу гэдэг асуулт ч гарч байна.

Манай улс төрийн орчинд Оюутолгойтой холбоотой элдэв яриа, баривчилгаа гарах бүрт цаанаа хувьцааных нь ханш урууддаг. Сүүлийн жил орчмын хугацаанд тувтан уруудаж байгаа. Энэ ч баярлаад байх зүйл биш. Монголын баялаг үнэгүйдэж байна л гэсэн үг. Мөн Оюутолгойн гэрээг байгуулсан албан тушаалтнуудтай холбоотой хэрэг үнэхээр л нотолгоотой байсан бол өнөөг хүртэл яагаад хэн ч ял аваагүй байгаа юм. Ерөөсөө уг орд хөдөлсөн хийгээд хөгжсөн нь улс орны эдийн засгаа бодсон шийдвэрүүд байсан болохоор тэр. Одоо тэгээд доор, дээргүй эдийн засгаа улс төрөөсөө салгаж эрүүл нүдээр харах цаг болжээ. УИХ-аар орж асуудал шийдэгдэхээс урьтаж Ц.Даваасүрэн сайд ч юу юуны духандгүй давхийн цочиж салбарынх нь сайдаас зөрсөн иймэрхүү юм ярих хэрэг байсан ч юм уу даа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.