Оюутолгойн орлогыг авдаг “РИО ТИНТО”-гийн сүлжээ
Илжиг чихэндээ алт ч, ус ч орсон сэгсэрдэг гэдэг. Илжиг алтыг алт гэж мэдэхгүй учраас толгойгоо сэгсэрч, гаргахыг оролдож таарна л даа.
Түүн лүгээ монголчууд бид газар нутгийнхаа дор заяасан арвин баялагтай Оюутолгойн ордоо “сэгсэрсээр” өдийг хүрлээ.
Энэ ордыг ашиглуулах Хөрөнгө оруулалтын гэрээ гээчийг 2009 онд байгуулснаас хойш бол яг арван жил болж байна. Гэрээг хийсэн албан тушаалтнууд АТГ-т шалгуулж, гэрээний ашиг монголчуудад ирээгүй л байна.
Гэтэл Оюутолгойн ордыг ашиглаж байгаа хөрөнгө оруулагчид энэ ордоос олсон орлогыг түвэггүйхэн “хил давуулж” өөрсөддөө аваад байдаг сүлжээг бүтээсэн байна.
Тодруулах юм бол, Оюутолгойн ордын орлого болох хоёр тэрбум ам.долларыг “Рио Тинто” компани Люксембургийн Вант улсад байгуулсан өөрийн оффшор компани болох “Мовеле С.А.Р.Л”-аар дамжуулж авсан талаарх мэдээллийг “Зууны мэдээ” сонин өмнө нь хоёр ч удаагийн дугаараараа хүргэсэн.
“Рио Тинто” энэ оффшор компаниа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа жил 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулжээ.
Энэ компани руу Оюутолгойн орлогын хоёр тэрбум ам.доллар шилжсэн үндэслэлийг “Рио Тинто” цаасан дээр хэрхэн хийснийг товчхон харуулъя.
“Айвенхоу Майнз” компанийн 2008 оны санхүүгийн тайланд “Гэрээний эрх үүрэг шилжүүлэлт зохицуулалт гэрээ”-ний дагуу 121.5 сая ам.долларын тоног төхөөрөмжийн борлуулалтын орлогыг хүлээн авсан талаар тусгажээ. “2008 оны есдүгээр сард “Айвенхоу Майнз” компани нь 2008 оны наймдугаар сард байгуулсан борлуулалт болон худалдан авалтын гэрээний дагуу эхний санхүүжилт болох Монголын Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад ашиглах томоохон тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого 47 сая ам.долларыг “Рио Тинто” компаниас хүлээн авсан. Тоног төхөөрөмжийн борлуулалтын нийт дүн 121.5 сая ам.доллараас үлдэгдэл 74.5 сая ам долларыг 2008 оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн. “Айвенхоу Майнз” компани энэхүү хөрөнгийг Оюутолгойн бүтээн байгуулалтад ашиглах болно. Хэрэв Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг хүлээн зөвшөөрүүлэхээр тохиролцоонд хүрч чадвал гэрээний дагуу “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз” компаниас тоног төхөөрөмжийг буцаан худалдан авахыг шаардах эрхтэй” гэж заасан байна.
Гэтэл “Оюутолгой” ХХК нь энэ орлогын дүнгээр “Рио Тинто”-гийн өрийг бууруулан тайлагнаж, эрхийг шилжүүлсэн орлогыг санхүү, татварын тайландаа тусгаагүй. Зарим гүйлгээг нь буруу тайлагнажээ.
Ингэхдээ Оюутолгойн төсөлд ашиглах тоног төхөөрөмжийн захиалгын гэрээг 2006, 2007 онд байгуулж, уг тоног төхөөрөмжүүд Монгол Улсын хилээр орж ирээгүй байхад 2007, 2008 онд төлсөн урьдчилгаа төлбөрийг 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр “Дуусаагүй барилга”, “Амлалтын бичиг” өр дансанд бичсэн. Энэ өдрөөс хүү тооцож эхэлсэн байгаа юм. Эдгээр буцаан худалдаж авсан тоног төхөөрөмжийг нь сүүлд 2010-2013 онд орж ирсэн байдаг.
Ингэхээр дээрх гэрээнийх нь дагуу “Рио Тинто Хангамж” гэдэг компани дээрх 121.5 сая ам.долларын тоног төхөөрөмжүүдийг худалдан авалтыг хариуцсаны нөхөн төлбөр буюу гэрээний менежмент, даатгал, тээвэр, хадгалалтын зардал, хүүгийн зардал, бусад зардлыг “Оюутолгой” ХХК-иас улирал бүр нэхэмжлэх эрхтэй болсон байгаа юм.
Товчхондоо, “Амлалтын бичиг”-тэй холбоотойгоор эзэмшил, эрхийг шилжүүлсэн орлогоо тайлагнаагүй, үйлчилгээний төлбөрөө татвар суутгаагүй, хөрөнгө нь орж ирээгүй байхад хөрөнгийн дансыг өсгөсөн зэргээр Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг зөрчжээ.
Бас “Айвенхоу Майнз” компанийн 2010 оны санхүүгийн нэгдсэн тайланд “…15 сая хувьцааг 241.1 сая ам.доллар /244.7 сая канад доллар/ худалдан авах “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компанийн гэрээ биелсэн. Энэхүү төлбөрөөс “Рио Тинто” компаниас Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад ашиглах уул уурхайн болон тээрмийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зарцуулсан 195.4 сая ам.долларыг суутгасан. Эдгээр тоног төхөөрөмжийг анх “Айвенхоу Майнз” компани өөрөө гуравдагч этгээдэд захиалсан. Монгол Улсын Засгийн газартай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг хүлээж байсан. Энэ тоног төхөөрөмжүүдийг 2008 оны наймдугаар сард байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто”-д 121.5 сая ам.доллараар борлуулсан” гэсэн байна.
Хувьцааны борлуулалтын орлогоос “Амлалтын бичиг”-тэй холбоотой тоног төхөөрөмжийн төлбөрийг 2010 оны гуравдугаар сард суутгуулсан боловч 2010 оны гуравдугаар сарын 18-нд Сингапурын “Рио Тинто Алкан ПТЕ” компани, Монголын “Айвеноху Майнз Монголия инк” ХХК, Канадын “Айвенхоу Майнз” компаниудын хооронд “Эрх шилжүүлэлтийн баталгааны тухай” гэрээ байгуулж, “Амлалтын бичиг” болгон “Айвенхоу Майнз” толгой компанид өгөх өр үүсгэж байгаа нь халхавч төдий хэлцэл байж таараад байгаа аж.
Гэтэл “Оюутолгой” ХХК нь зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2014 оны арваннэгдүгээр сарын 26-нд Люксембургийн “Мовеле С.А.Р.Л” компанид төлчихсөн.
Өөрөөр хэлбэл, 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд “Мовеле С.А.Р.Л”, “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд 2010 онд үүссэн “Амлалтын бичиг”-ийн өрийг “Айвенхоу Майнз” компани нь зээлдүүлэгч тал буюу “Мовеле С.А.Р.Л” компанид шилжүүлсэн. Тэр нь бидний мэдээлж, нийтлээд байгаа хоёр тэрбум ам.доллар юм.
Ингэхээр “Амлалтын бичиг”-ээр худалдаж авсан тоног төхөөрөмжийн төлбөрийг “Айвенхоу Майнз” компани 2010 оны гуравдугаар сард “Рио Тинто” компаниас авах борлуулалтын орлогоос суутган тооцож төлсөн. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бол хувьцааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр байгаа учраас “Амлалтын бичиг”-ээр өр үүсэх, хүү тооцох, төлөх үндэслэлгүй байгаа юм.
Энэхүү хөрөнгийн худалдан авалт хэмээх Оюутолгойн орлогыг авдаг “Рио Тинто”-гийн байгуулсан сүлжээг хүснэгтээр үзүүлэв. Энэ талаар дэлгэрүүлэн хүргэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамба-Очир