Ажлын бүтээмж бууруулдаг оффисийн 5 дотоод засал

1194

Ажлын бүтээмж бууруулдаг оффисийн 5 дотоод засал

 

Ажлын ширээний ард өдөржин суусан ч бодит үр дүн гаргаж чадахгүй байна уу. Тэгвэл энэ таны анхаарал төвлөрөхгүй байгаад биш ажлын байрны орчноос үүдсэн байж болно.
Оффисын орчин өдрийн ажлын бүтээмжид нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Нэг л мэдэхнээ ажил руугаа гөлөрсөн байхтай таардаг уу, тийм бол дараах тохижилт, чимэглэл сатааруулж буй эсэхийг шалгаарай.

1.Бүгчим агаар

Оффисын ажил эрхэлдэг хүмүүс өдрийн дийлэнх цагийг дотор өнгөрөөдөг. Америкийн Хүрээлэн буй орчны хамгааллын агентлагаас хийсэн судалгаагаар америкчуудын дийлэнх нь хоногийн 90 хувийг дөрвөн хананы дунд өнгөрөөдөг нь илэрчээ. Юу вэ гэвэл, агаар танин мэдэхүйн үйл ажиллагааг багасгах чадалтай.
Ажлын байранд цэвэр цэнгэг агаар оруулах, сайн чанарын агааржуулагчтай байх зэрэг нь ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдгийг Харвардын их сургууль, Сиракюзийн их сургууль болон SUNY Upstate Medical эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хамтран судалсны үр дүнд 2017 онд баталсан билээ.
Өөр нэгэн судалгаанд эрдэмтэд 100 гаруй менежер, архитектор, дизайнерыг цуглуулан Америкийн 10 гаруй барилгад байлцуулж жилийн турш өдрийн бүтээмжийг нь судалсан аж. Ингэхэд “Ногоон” буюу дотоод орчны агааржуулалт сайтай барилга дахь хүмүүс бусад бүгчим барилга дахь хүмүүсээс 26 хувь өндөр бүтээмжтэй ажилласан байна.

2.Бүдэг гэрэл

Байгалийн гэрэл ажиллах орчинг хэд дахин нэмэгдүүлдэг. Оффисын ажилтнуудад байгалийн гэрэл хэр чухал байдаг нь санал асуулгаар илэрхий болжээ. Тодруулбал, Future Workplace буюу Ирээдүйн ажлын байр нэртэй судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгаар оффисын хамгийн чухал үзүүлэлт бол цэлгэр цонх, байгалийн гэрэлтүүлэг гэж оролцогчид дуу нэгтэйгээр хариулсан аж. Үүний дараагаар цайны газар, фитнесс, ойролцоо хүүхдийн өдөр өнжүүлэх зэрэг жагсжээ.
Корнэллийн их сургуулийн Дизайн, орчны шинжилгээний албаны профессор Алан Хеж бие махбодийн үйл ажиллагаанд нарны гэрэл хэрхэн нөлөөлдгийг тогтоохоор оффист ажилладаг 313 мэргэжилтэнд ажиглалт хийсэн аж. Үр дүнд нь нарны гэрэлтэй ойр суудаг хүмүүст нүд ядрах, толгой өвдөх зовиур бага илэрчээ. Түүнчлэн цонхтой ойр суудаг ажилтнууд 2 хувийн өндөр бүтээмжтэй байгаа нь ажиглагдсан гэнэ.
Оффис дахь таримал цэцэг, үзэгдэд гадаад орчин, бага зэргийн хувийн орон зай байхад л сэтгэл ханамж нэмнэ.

3.Ажлын хөрш

Хүн төрөлхтөн хүрээллээ дагадаг төрлийн нийгмийн амьтан. 666 Хүний сэтгэл санааны байдал халдварладгийг ч эрдэмтэд тогтоосон. Таны ойролцоо сууж ажилладаг хүн бүдүүлэг бол та ч удалгүй хандлагыг нь шингээнэ гэсэн үг. Харвардын бизнесийн сургуулийн шинжээчид 2016 онд технологийн компанийн 2000 ажилтны ажиллах хурд, чанарыг дүгнэжээ. Ингэхэд бүтээмж өндөр хүнтэй 7 метрийн радиус дотор суухад л ажиллах идэвх 15 хувиар өссөн байна. Үүний адилаар муу зуршил, сөрөг хандлага, энерги ч гэсэн халдварладаг. Тухайлбал хэзээ мөдгүй халагдах болсон ажилтаны дэргэд суухад л адилхан эрсдэл дагуулдгийг энэхүү судалгааны багийн гишүүн Дилан Майнор хэлэв.

4.Агаарын хэм

“Халууцаад байна сэнсээ асаачих”, “Үгүй ээ би даараад байна, би угаасаа аягүй бээрэг” гэж зөрөлддөг үү? Тэгэх нь ч аргагүй, хүн бүрийн таалах агаарын хэм ялгаатай. CareerBuilder-ийн хийсэн судалгаанд оффисын 3,321 ажилтан оролцоход 53 хувь нь хүйтэнд ажиллаж чаддаггүй, 71 хувь нь халуун орчинд байж сууж чаддаггүй гэж хариулжээ.
Харамсалтай нь ажиллахад хамгийн таатай агаарын хэм гэж байдаггүй. 2006 онд Хелсинкийн технологийн их сургууль болон Лоуренс Беркелийн үндэсний хүрээлэн буй орчны энергийн технологийн лабораторийн эрдэмтэд хүмүүсийн ажиллах эрч хүч цельсийн 22 хэмд дээд цэгтээ хүрдгийг тогтоосон. Харин Корнэллийн их сургууль 25 гэж үзсэн байдаг.
Америкийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдах газраас л гэхэд ажлын байран дахь температурыг 20-25 хэм байлгахыг зөвлөдөг билээ. Гэхдээ л энэ бол зарим хүнд сауна шиг, заримд нь хөлдөөгч шиг мэдрэгдэхээр зөрүүтэй хэмжээ юм.
Тасалгааны ургамал таатай орчинг бүрдүүлээд зогсохгүй анхаарлаа төвлөрүүлэхэд ч тусалдаг.

5.Тасалгааны ургамалгүй орчин

Нүдний харах орчинд ногоон өнгөтэй зүйл байх нь тааламжтайгаар зогсохгүй анхаарал төвлөрөлт нэмэгдүүлдгийг ч мөн эрдэмтэд тогтоосон. Хүн байгалиас тааламж авахдаа дээд зэргээр төвлөрдөг. Иймээс ургамал ашиглан ажлын бүтээмжээ нэмж болох ажээ. Experimental Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд тасалгааны ургамалтай, ургамалгүй ажлын байруудыг харьцуулан ажигласан байна. Үр дүнд нь ургамалтай оффисын ажилтнуудын төвлөрөл илүү байжээ. Түүнчлэн сурагчдад унших даалгавар өгөөд хамгийн сүүлчийн өгүүлбэрийг асуухад тасалгааны дөрвөн ургамал тавьсан ширээнд суусан сурагч л оновчтой хариулсан аж.
Та цонхны дэргэд сууж, хажуудах хүмүүсээ нүүлгэж сэлгэж чадахгүй ч ширээн дээрээ ургамал байрлуулж болох. Та, бид жилийн 2,000 цагийг ажилдаа өнгөрөөдөг учир энэ цагийг үр бүтээлтэй байлгах нь хүний нөөц, менежерүүд болоод таны ч үүрэг билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>