БОЛДОГГҮЙ "ОРГОДОЛ" МОНГОЛ МОРЬД...
Вьетнамд очсон монгол морьд бараг л толгой дараалан нутаг гүйжээ. Гэвч эргэж ирсэн нь хэдхэн... Хэдэн мянгаас хэдхэн нь. Бусад нь зам зууртаа эрсэдсэн...
2001 оны зун, БНСВУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмтэй Тэрэлжийн Найман шарга амралтад нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөх аятай завшаан тохиож билээ. Тэрбээр Вьетнам-Америкийн дайны баатар настайвтар хүн байв.
Дайны хүнд хэцүү үеэ дурсан байх үед манайхны нэг нь "Манайхаас олон мянган морьд очсон, та бүхэнд хэр нэмэр болов доо" гэж асуухад мань элчин "Бололгүй яах вэ, манайхан танай морьдыг дайнд гэхээсээ газартаа л илүү хэрэглэсэн байх. Гэхдээ тун сүрхий оргодог шүү, бараг нь л оргочихсондоо. Манайхан тэднийг Оргодол гэж дууддаг байсан" гээд хөгжилтэйгээр инээж билээ. Бид ч дагаж инээгээд л өнгөрсөн. Нарийн ширийн зүйл асуух ч сөгөө тэр үед гарсангүй. Хожмоо эргээд бодож байхад хүндэт Элчингийн үгэнд маш олон мэдээлэл агуулагдаж байгаа мэт санагддаг юм.
Юуны өмнө манай монгол адуу бол анжис, тэргэнд бараг толгой дараалан орж үзээгүй омголон дагшин амьтад тул тийм зэрлэг шахам адуу малтай ноцолдож, сургах туршлага багатай вьетнамчууд тэр бүр олноор нь газар тариаландаа ашигласан нь юу л бол. Номхон голдуу цөөвтөр нь, бас сургаж чадсан цөөхөн тохиолдолд л тийнхүү газар тариаланд ашигласан байж таарна. Мөн тэр их намаг шалбааг, ширэнгэнд морьдыг унаад тулалдана гэж юу л бол. Явган үзсэн нь бараг дээр байж мэднэ. Америк-Вьетнамын дайны нөхцөл нь морин цэрэг хэрэглэх боломж маш ховор, бараг үгүй шахам. Тиймээс аль боломжоороо л хүнсэндээ хэрэглэсэн байж мэднэ. Мэдээж хэрэг Вьетнамчууд түүнээ хэрхэн тэр бүр зарлаад байх вэ дээ.
Харин Элчин сайдын хэлсэн тэрхүү "сүрхий Оргодол гэж дууддаг, бараг нь л оргочихсон доо" гэдэг нь үнэний ортой үг. Бэлчээрийн эрх таваараа монгол адууг адгуулж маллаж мэдэхгүй вьетнамчууд наад зах нь аргамжих, уях тухай таг байсан нь ойлгомжтой. Тэдний хашаанаас гардаггүй тэжээлийн үхэр, илжигтэй адилгүй шүү дээ, монгол морьд чинь... Тэгэхээр Вьетнамд очсон морьд хэрвээ очсон дариудаа л нядалгаанд орчихоогүй бол бараг толгой дараалан нутаг гүйсэн байж мэдэхээр... Харин хэд нь эргэж ирсэн бэ???
Ингэж бодохоор өр өвдөх шиг болдог. Төв аймгийн Мөнгөнморьтын хар хүрэн азарга, бас Дундговийн хээр морь гэх мэтийг нийтээр ярьдаг ч үнэн хэрэг дээрээ бараг сум бүрд шахам нэг тийм оргодол морины түүх бий.
Манай суманд ч бий. Манай авга ах З.Бэхжавын унаган, Бөөнсүүлт нэртэй хүрэн морь ч Вьетнамд явуулснаас жилийн дараа эргээд гүйж ирсэн байдаг. Малийнд өгсний дараа жилийн хаврын адгаар Хярын нуур дээр адууны захад Бөөнсүүлт зогсож байхыг хараад эхлээд баярлаж, нулимс нь гарснаа дараа нь айсан гэдэг. Цаг хатуу, хууль журам хэцүү цаг учир малийнд өгсөн адуу нь ингээд зогсож байхаар ерөөс өгөөгүй хэрэг болж, мундраа хутгах болов уу гэж болгоомжилсных юм. Тэгээд хүн амьтанд хэлэлгүй, малийний адуу хүргэж өгөлцсөн Гошгой жаажаатай уулзаад тандаж асуухад, "Яах аргагүй бид малийний адууг нэгийг ч хорогдуулалгүй тоо ёсоор нь Замын-Үүд хүргээд, харж байгаад л вагонд ачуулсан даа" гэжээ. Бас "Тэр вагонд адуу ачуулахыг харах ч ёстой лүд юм билээ. Унгалдаж, үүрсэж, янцгаагаад, вагоны хашлага самардаж, цавчиж, тангараад, бөөн шуугиан... Унаж явсан хар голт морь маань хүртэл өнөөдүүлээ дагаж үүрсээд бөөн бөөн нулимс унагаж байсан" гэж ярьсан байгаа юм. Бас адуу туулцсан Түмбагаас ч давхар лавлаж. Тэгээд яах ч аргагүй Бөөнсүүлт нь вагонд ачигдаад хил даваад явсан нь тодорхой болоход айх нь жаал тайвширсан ч тэр морио дахин барьж унаа уналганд хэрэглэсэнгүй, тэр чигт нь атар онгон байлгаж байгаад жамаар нь явуулжээ. Нэг ёсондоо дархалж онголж тавьсан хэрэг юм. Бөөнсүүлт баруун ташаандаа нэг том халцгай сорвитой, доод уруул нь сэтэрсэн байжээ. Хөөрхий, хаа байгаа Вьетнамаас Хөх мөрөн, Шар мөрнийг гатлаад, үй олон өлсгөлөн хятадуудын дундуур, ширэнгэ ойн дундуур, араатан чоно, аймшигт барны амнаас зайлан хэрхэн яаж ирснийг нь төсөөлөхүйеэ бэрх. Тэр үед хөгшчүүл маань Төвдийн уулсын зүүн хаяагаар явж, Хөх нуураар дамжиж л орж ирсэн болов уу хэмээн таамнан ярилцаж байсан юмдаг. Тун магадгүй. Шууд хятадын нутгаар явах аваас маш их эрсдэл гарна.
Тодруулахад Малийн гэдэг нь адууг шаардлага хангасан эсэхийг шалгаж авдаг комисс маягийн юм уу даа. Орос нэртэй холбоотой гэж дуулж байсан. Малийндана, малийний адуу гэх мэтээр ярьдаг байжээ, нэгэн үе. Одоо бараг мартагдсан. Урагшаа Замын-Үүдэд, хойшоо Цагаан нуурт малийний адуу хүргэж явсан хүмүүсээс амьд сэрүүн нь бий.
Мөн нэг зүйлийг зориуд хэлэхэд өнөөгийнх шиг хэдэн төгрөг олохын тулд эрдэнэт адуугаа сүрэг сүргээр нь ачуулаад байсан юм биш шүү, ах дүү найрамдалт орны хувьд дайн тулаанд нь хэрэг болуужин хэмээн хүний ёсоор хүлэг морьдоо тусламж болгон илгээж байсан нь тэр.
.
Миний ажиллаж байсан Бугат суманд ч бас ийм түүх байдаг. Энэ бол Вьетнамаас бүү хэл бүр алс холын Орос-Герман фронтоос "оргон" нутагтаа гүйж ирсэн морины түүх юм. Хуучнаар Засагт ханы Урианхай Дайчин бээлийн хошууны тайж, өнөөгийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Шагдар гуай хурдан хүрэн халзан морио Эх орны дайны үед фронтод өгчээ. Гэтэл хоёр жил орчмын дараа өнөөх Хүрэнхалзан нь гүйгээд ирж. Шагдар гуай нэгэнт Фронтод өгсөн юм, юутай ч айл гэрт биш, аян дайны хүлэг тул тэнд нь хэрэглэг гээд, дайн дуусчихсан тул тухайн үеийн хатуу ширүүн тулаан өрнөж байсан Баруун хязгаарын Ховд V отрядын цэргийн агтанд өгсөн нь 1947-1948 онуудад болсон Байтагийн алдарт тулгаралтын үеэр олон удаагийн тагнуулын болон өртөө улаанд үүрэг гүйцэтгэж, 30 км газарт 40 минут давхин, хэл хүргэж байсан алдарт Хүрэнхалзан юм. Монгол Улсын баатар Тэгшээгийн Хүрэнхалзан гэдэг нэрээр нь олон мэднэ. Ер тэр Сиймэн Шагдар гуай ажигч гярхай нь нутаг даяараа гайхагддаг хүн байсан гэдэг. Тиймээс Хүрэнхалзангаа дайны хүлэг мөн гэдгийг нь баттай мэдэж байсан биз ээ.
"Энгийн үед ороо, ардаг догшин гэмээр ч дайн тулааны үед номхон, үргэж туйлна гэж огтоос үгүй, эзэн лүүгээ л налж өгөөд байдаг, тийм атлаа атаканд ороход хамгийн урд хүзүүгээ сунгаад шуурч явдаг, хүн шиг ер бусын ухаантай морь байсан даа. Хүнээр бол мөн ч их юм үзсэн амьтан, хөөрхий" хэмээн тэр хүрэн халзан морины тухай аав маань хуучилж байсныг санаж байна. Аав маань 1944-1948 онуудад Байтаг болоод Баруун хязгаарт өрнөсөн гол үйл явдлуудад оролцож, Улсын баатар Ж.Нэхийт, Тэгшээ, Даваадорж нартай нэг салаа, тасагт мөр зэрэгцэн тулалдаж явсан учир нүдээр үзэж, харснаа тийн дурссан хэрэг. Өнөө Хүрэнхалзан морь нэгэнт домог болжээ. Алдарт Хүрэнхалзангийн эзэн Шагдар гуайн үр хойчис илүү нарийн ширийн зүйлсийг өгүүлэх биз ээ, Myadagmaa Khaltar
Миний мэдэх хоёр суманд л гэхэд ийм жишээнүүд байна.
.
Бас бус сонсож дуулснаа өгүүлбээс, эхэнд дурдсан Вьетнамаас нутагтаа эргэж ирсэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын хар хүрэн азарганы түүх бол маш тодорхой гэрчтэй явдал юм. 1961 оны намар Жамган захирагчтай Улаанхуарангийн мото буудлагын хорооноос 300 орчим цэргийг сонгон, монгол дээл өмсгөн, вагонд ачсан адууг хариуцан Вьетнам хүргүүлсэн байдаг. Вагон тус бүрд дунджаар дөч орчим адуу байх ба нэг вагонд 7-8 цэрэг хувиарлагдан, өвс, усыг нь өгч 7 хоног явсны эцэст Вьетнамын хил хүрчээ. Вьетнамчууд хил дээрх төмөр замын буудлыг өндөр хашаагаар битүү торлон хамгаалж вагоноос адууг буулган хүлээн авах үед нэг хар хүрэн азарга, хүрэн халзан морьтой хамт торон хашааг дайран давж гараад зугтсанд араас нь адуучид хөөн, хүрэн халзан морийг нь бариад, харин азаргыг нь алдчихжээ. Үүнийг 1960 онд цэргийн албанд ирж, улмаар 1961 оны намар тэрхүү адуу хүргэх тушаал хүлээн, үүрэг гүйцэтгэлцэж явсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Сангидоржийн Халзан хэмээх хүн хожмоо хуучилсан байдаг.
Адуу ачуулснаас хоёр жилийн дараа 1963 онд Мөнгөнморьтын адуучин эр адууныхаа захад сарлагын тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байхыг үзвээс өнөөх Вьетнамд илгээсэн хар хүрэн азарга нь байжээ. Шарх сорви болж, яс арьс болтлоо эцэж турсан амьтан адууны зах бараадан үүрсээд хэвтэж байхыг харсан эрийн сэтгэл ч ихэд догдолсон буйзаа. С.Халзан гуайн өгүүлсэн, Вьетнамын хил дээрээс хэрхэн зугтахыг нь агт хүргэсэн хэдэн зуун цэргүүд харсан өнөөх хар хүрэн азарга тэр лавтай мөн гэлцэх.
Төдөлгүй азаргыг Улаанбаатар хотын захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан гэдэг.
.
1959 онд Вьетнамын удирдагч Хо Ши Мин Монголд айлчлахад таван хушуу мал бэлэглэжээ. Зүгээр нэг хэдхэн юм өгсөнгүй, очоод сүрэг болж өсөхөөр овоо хэдэн мал өгсөн юмдаг уу даа. Тэр оныхоо 11 сард бэлгийн малыг вагоноор хүргэж өгөхөд Гомбосүрэнгийн Мягмаржав гэдэг офицер адууг нь хариуцаж явжээ. Хятад-Вьетнамын хил дээр вагон солих үед нэг хонгор морь зугтаж амжсан байна. Гэтэл 1960 оны тавдугаар сард нутагтаа гүйж ирээд, өвс ч хазалгүй хөлөө ээлжлэн сойн зогсдог байснаа хэд хоногийн дараагаас л нэг юм идэж эхэлсэн гэдэг. Г.Мягмаржав гуай шинэ нутагт нь малаа идээшлүүлэх гэж сар гаруй болох үед мал дээрээ очихоор л хонь ямаа нь хошуурч майлаад, адуу нь үүрсээд байх атлаа вьетнам хүнийг очиход яадаг ч үгүй байхыг анзаарч машид гайхан, бас эмгэнэн халаглаж явсан тухайгаа, мөн буцахад нь монгол мал араас нь дэрийтэл хараад үлдсэнийг хожмоо цэнхэр дэлгэцээр яриад нулимс дуслуулж байжээ.
.
Мөн Ардын зураач Г.Одон гуайн нэгэн дурсамж бий. Америк-Вьетнамын дайн дууссаны дараа Одон гуай Вьетнамд айлчилжээ. Тэгэхэд монголоос очсон бэлгийн малын хоёр гурав дахь үе нь гарчихсан байжээ. Монгол зочдыг хонин сүрэг хашсан хашаанд орсонд эхлээд үргэж байснаа төдөлгүй майлалдаж, шуугилдаад, хошууран ойртоод хачин болсонд тэндхийн вьетнамууд хүн хараад хэзээ ч ингэж байгаагүй хэмээн бөөн гайхацгааж, харин Одон гуай нар нулимсаа барьж тэсээгүй гэдэг.
.
Ер эх орны дайны үед бэлгэний агт морьдыг ачсан вагоны шалан дээр нутгийнх нь чулуу, шороог асгаад зөөдөг байсан тухай ч яриа бий. Тэгвэл адуу вагон дотроо шуугилдаж, пижигнэх нь намдчихдаг байжээ.
.
Дайны үед фронтод монгол морьтойгоо таарсан монгол хүний элэг эмтрэм яриа ч бий. Шархдсан атлаа орос малын эмчийг биедээ хүргээгүй хоёр монгол морь харин монгол хүнд илүүлж маажуулж, налж, наалдаад хачин байсан гэдэг.
.
Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай ч мөн харийн нутагт монгол адуутайгаа тааралдахад гарын үнэрлээд, явахад нь араас нь үүрсээд үлдсэн тухай дурссан.
.
Мөн саяхны ч нэг түүх бий. 1995 онд Солонгос руу бэлгэнд очсон нэгэн халтар азарганы тухай тэнд ажиллаж байсан Б.Энхбат хэмээн залуугийн ярилцлага бий. Монгол азаргаа өрөвдсөн Энхбат солонгос эзнээс нь “Энэ азаргаа надад зарчих” хэмээн гуйсанд 145 сая вонын үнэ хэлжээ. Тэр үнийг дийлэхгүй учир “Та энэ азаргыг надад өгөхгүй бол ядаж хашаан дотор сул гаргаж бай л даа” хэмээн гуйсанд солонгос эр “Наад азарга чинь их зэвүүн. Зогсохдоо дандаа Монгол руугаа хараад байдаг юм. Монгол руу зугтаачихаж мэднэ” гэсэн гэдэг. Энэ мэт маш олныг дурдаж болно.
.
Английн зохиолч Жеймс Олдрижийн "Гайхамшигт монгол морь" хэмээх сэтгэл хөдлөм зохиол бий. 70-аад онд монгол хэлнээ орчуулагдсан санагдана. Алс холын Европ нутгаас эх нутгаа зорин, түмэн бэрхийг гэтэлсээр ирж буй монгол тахийн түүх тэрхүү номонд гарах билээ. Чухам Ж.Олдриж гуай ямар баримтад үндэслэж бичсэнийг мэдэхгүй, юутай ч огт оргүйгээс сэдэвлээгүй болов уу хэмээн бодогдном. Мөн тэрхүү зохиолыэ санаа хожмоо биелж, үнэхээр ч тавь жаран жилийн дараа монгол тахь эх нутагтаа онгоцоор залран, одоо Хустайн нуруу, Тахийн талд сүрэглэн идээшилж байна.
.
Бас Аласкын зоо паркад монгол хүний үнэр аваад нүднээсээ бөөн бөөн нулимс бөмбөрүүлсэн тэмээний тухай Ш.Наранчимэгийн бичлэг бий, Японд, Хятадад, Германд, бүр Африкт хүртэл яг түүнтэй адил зүйл тохиолдсоноо хуваалцсан хүмүүс ч цөөнгүй. Ер монгол морь, монгол мал гэдэг монгол хүн шигээ нутаг амьтай. Бүр нэг яаж ч болдоггүй, орчин цагийн Шинжлэх ухаан итгэмгүй нэг тийм нандин далд сэжим холбоо бий шүү.
.
"Нутгаа гүйсэн адуу шиг" гэж зүйрлэдэг. Энэ зүйрлэл юунаас ч, ямар ч бэрх хэцүүгээс бэргэж эмээхгүй, эргэж буцахгүй шийдвэр төгс болчихсон шинжийг илэрхийлдэг. Моринд, ер зэрлэг амьтадад маш нарийн "газарзүйн ухаан" байдаг юм. Тэр нь бидний мэддэг газарзүйн мэдлэгээс их өөр. Амьтны зөн, "газарзүйн мэдлэг" -ийн талаар орчин үеийн Шинжлэхүй ухааны эрдэмтэн судлаачдын маш гайхалтай судалгаанууд бий шүү. Тэр бүгдийг бичвэл ном болохоор.
Ер нутгаа гүйсэн адуу ямар айхтар газар зүйн мэдлэгтэй болохыг тэдний мөрөөр мөшгиж үзсэн хүн л мэдэж, гайхаж биширдэг юм. Машинаар өдөр шөнөгүй ачаад мянган км-ийн алсад ирсэн морьд хаварт нутгаа гүйхээрээ хүний санаанд оромгүй газраар, мөрөө хүртэл төөрүүлж явсан байдаг. Би ч бас тийм адал явдалтай учирч явав. Яг л хашир ухаантай хүн мэт зүгээ буруулж байгаад гүйдэг юм.
.
Дээр дурдсан Вьетнамаас гүйж ирсэн авга ах З.Бэхжавын Бөөнсүүлт хүрэн морь, Мөнгөнморьтын өнөөх хар хүрэн азарга гэх мэт нь вьетнамаас эх нутагруугаа гүйсэн мянга мянган морьдын л нэг нь. Вьетнамын элчин сайдын ярианаас үзвэл тэнд очсон монгол морьд бараг л толгой дараалан нутаг гүйдэг, "ОРГОДОГ" байжээ. Мянга мянгаараа тийн оргоо биз. Гэвч эргэж ирсэн нь хэдхэн. Эх нутгаа эгээрэн зорьсон хичнээн олон монгол морьд зам зууртаа Вьетнам, Юньаны ширэнгэнд баранд бариулж, халуунд хатаж, ялаа шумууланд ээрүүлж, их гол мөрөнд живж, өлсгөлөн хар хятадын хоол болж, буудуулж, хулсан жаданд сүлбүүлж, өргөст торонд гогдуулж, өмхий намагт шигдээ бол. Гэвч тэднээс хэдхэн нь ч болов эргээд л эх нутагтаа ирсэн нь гарцаагүй үнэн юм даа.
Харамсалтай нь энэ мэт явдлыг онигоо гэж үздэг залуус байх юм.
Тэр алсаас, 3000 орчим км-ын Вьетнамаас, түүнээс ч хол 6000 км-ын Оросын баруун фронтоос эх нутагтаа эргэж ирсэн монгол мориныхоо гайхамшигт чанарт монголын залуус эргэлзэж, үл итгэх нь эмгэнэл юм даа. Тийм сайхан амьтдынхаа эр зориг, эрмэлзэл тэмүүллийг нь онигоо гэж үзэж болохгүй ээ, залуусаа... Тиймээс энэ мэтсийг хагас хугасхан эмхэлж бичив.
Б.Номинчимэд
.
Зураг дээр Улсын баатар Ж.Нэхийт, Тэгшээ нарын хүлэглэж байсан, Орос-Германы фронтоос хоёр жилийн дараа гүйж ирсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын Шагдарын унаган хүлэг хүрэн халзан морь. Зургийн уг эх нь хар цагаан юм.
Б.Номинчимэд