Филиппиний ерөнхийлөгч сүрдүүлсний дараа Канад улс хог хаягдлаа буцааж авахаар боллоо

1558

Филиппин, Канад улсуудын хооронд олон жил үргэлжилсэн хог хаягдлын маргаан байдаг. 2013-2014 онуудад Канадын хувийн компани “дахин боловсруулагдах” нэрээр их хэмжээний хог хаягдлыг Филиппин рүү илгээсэн юм. Гэвч ирсэн ачаа нь үнэндээ боловсруулагдах боломжгүй ахуйн хаягдал байжээ. Филиппиний тал хогоо буцааж авахыг Канадын засгийн газраас олон удаа шаардсан ч хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн юм. Саяхан Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте 69 чингэлэг хогийг Канад руу буцааж илгээх даалгаврыг засгийн газартаа өгсөн байна. Хэрвээ хог хаягдлаа хүлээж авахаас татгалзвал Канадын эргийн ойролцоо далайд асгахыг тэр бас тушаажээ. 

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Канадын байгаль орчны сайд Катерин Маккена ачаа тээврийн компанитай гэрээ байгуулж, хог хаягдлаа Филиппинээс буцаах болсноо зарласан байна. Канадын засгийн газар тавдугаар сарын 15-ны дотор хог хаягдлаа авах амлалтыг Филиппиний талд өгсөн ч биелүүлээгүй юм. Үүний дараа Филиппин улс Канад дахь элчин сайдаа буцааж дуудсан байна. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хууль бусаар Филиппинд илгээсэн хогийг буцааж авах ажлыг эхлүүлэлгүй удаасан гол буруутан нь юм. Тэр 2017 онд хогийг буцаах ажил “онолын хувьд” шийдэгдсэн гэж мэдэгдэж байсан ч онолоо бодит ажил болголгүй өнөөдрийг хүрсэн ажээ.

Э.Сэмүүн

Эх сурвалж: Associated Press

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>