Оюу толгойн Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан гишүүд юу хэлэв?

730

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан УИХ дахь ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Дүгнэлттэй танилцсан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тэдний хэлсэн үгээс эшлэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-“Рио-Тинто” компани гаргасан мэдэгдэлдээ гэрээний нэг ч өгүүлбэр, таслалыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн нь тэдэнд нэг үг, үсэг ямар үнэ цэнэтэй байна гэдгийг харууллаа. Бид хэлэлцээрт орох ёстой. Энэ бол бизнесийн зарчим.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

-Оюу толгойн гэрээ байгуулагдахад нийт өртөг 4.1 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 14.6 тэрбум ам.доллар болж дөрөв дахин өссөн. Монголын талыг Оюутолгойн төсөлд төлөөлж байгаа нөхдүүд 2048 онд Монгол Улс эхний ашгаа хүртэнэ гэж яаж хэлж чадаж байна аа. 35 жилийн дараа үр ашгаа хүртэх төсөлд хөрөнгө оруулдаг, хувьцаа эзэмшигч болдог тэнэг хүн гэж байдаг юм уу. “Рио Тинто” бол үнэхээр монголчуудын толгой дээр гараад суучихсан байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-“Рио Тинто” компани менежментийн ашиг 2017 онд 13 3 сая ам. доллар, мөн өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. “Рио-Тинто”-гийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744 сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. “Рио-Тинто” хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Оюутолгойн орд бол алт зэсний орд. 1,500 тонн алттай. “Бороо гоулд” 50 тн алттай бол 30 ширхэг Бороо гоулдаа бид алдаж байхад зүв зүгээр дуугүй суугаад байх юм. Зээлд төлж байгаа мөнгө нь манайд төлж байгаа татвараас их байгаа. 2015 онд 166 тэрбум, 2017 онд 47 тэрбум, 2018 онд 18 тэрбум төлж байна. Менежментийн баг ашигтай ажиллахын төлөө ажилладаг байгал зардлыг өсгөж ажилладаг баг гэж дэлхий дээр байхгүй. Гэрээг цуцлах үндэслэл олон байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Манай улсын ганц том нөөц шүү дээ. Гэтэл энэ байдлаараа 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орох магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл анхны гэрээгээр бид 2039 онд ашгаа авах ёстой гэж байсан. Ашиг хүртэх нь битгий хэл харин ч өрөнд орох нь л дээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Монголын тал анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц 51 хувьд хүргэнэ гэсэн. Гэтэл одоо эзэмшиж байгаа 34 хувиа ч өрөнд алдлаа шүү дээ. 500 гаруй сая төгрөгийн хүү төлөх нь. 10 гаруй жилийн бид буруу замаар будаа тээчихлээ шүү дээ. Төсөл ашиглалтад орсноор 4-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа бүрэн хэмжээгээр нөхнө. 10 жилийн дотор Монголын талын хувь 50 хувьд хүрнэ гэж тогтоол баталсан. Гэтэл тал еэвэнгийн үлгэр болчихлоо.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Оюутолгойн А лицензийг 2003 оны арванхоёрдугаар сарын 31 -нд бүх хүмүүс баярлаж байхад хулгайгаар олгосон. Монголын ард түмэн, улс төрчид бүх эрх мэдлээсээ татгалзаж олгосон. Б.Фрийдланд гэж Канадын иргэний өмч болсон. Дараа жил нь болсон олон улсын хурал дээр тэр хүн очоод "Би Монгол улсад Грекийн нутаг дэвсгэрээс том нутагтай болсон. Монголд хүн байхгүй, сул газар шороо л бий” гэж мэдэгдсэн шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Монголын тал 34 хувийг зээлээр эзэмшээд зээлд нь хүү төлж нэг тэрбум ам.долларын өрөнд орлоо гэдгийг ихэнх гишүүн хэлж байна. Заавал манайх 34 хувийг эзэмшихгүйгээр нэг мөсөн хувийг нь ч ялыг нь үүрүүлээд эрдэс баялгаа гаргах тал дээр нь бүх татвараа тодорхой болгоод авбал манайх хувь эзэмшсэнээс илүүтэй ашиг хүртэх боломж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Эхнээсээ ТЭЗҮ-гээ батлаагүй байж хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 онд гарын үсэг зурчихсан. Дараа нь ТЭЗҮ оруулж ирснээр алдаанууд гарч эхэлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ТЭЗҮ-ийг заавал баримтлах баримт бичиг биш гээд өөрчлөлт оруулчихсан. Монголчууд бид өөрсдөө санаатай юм уу санамсаргүйгээр алдаа гаргасан байна шүү дээ..

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Анхны хөрөнгө оруулалтын гэрээ, 2009 оны нэмэлт гэрээнд илүү их анхаарал тавьж ярьж ирсэн. Хамгийн анх “Рио-Тинто” компаниас орж ирэхээс өмнөх зургаан тэрбум ам. долларын тал нь орж ирсэн гэдэг асуудал яригддаг. Орж ирээгүй хөрөнгөд эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гэж сонссон. Төслийн одоогийн явц байдлыг үнэлэхдээ гадна, дотоод тал гэхгүйгээр бүх л хүчин нөлөөллийг авч үзэж дүгнэх нь зөв. Асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа гэлээ.

Т.САЙХАН, ЗУУНЫ МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>