Гэм буруутай нь тогтоогдсон Архангайн удирдлага өөрсдөдөө хариуцлага тооцож чадсан уу

483

Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд хуурамч тогтоол баталж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн нь тодорхой болсон юм. Тодруулбал, Б.Өсөхбаяр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон ИТХ хуралдаагүй байхад хуурамч тогтоол, шийдвэр гаргасан байна. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан үүнийг нь мэдсээр байж, Ашигт малтмал, газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар уламжилж, хариуг нь авсан гэнэ. Ингэж хуурамч тогтоол үйлдсэнээр, тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Шоронгийн ам хэмээх газарт алт олборлох боломж нөхцөл бий болжээ. 

Тодруулбал, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад, “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан аж. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг Шоронгийн ам нэртэй газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байгаа юм. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир Ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нараас гадна Цэнхэр сумын ИТХ-ын дарга Ж.Эрдэнэцогтыг хамтатган шалгасан юм. Тэрбээр тус сумын ИТХ нь хуралдаагүй байхад 2018 оны гуравдугаар сарын 19-нд мөн хурал хийсэн мэтээр 37 дугаартай тогтоол гарган, тамга дарж, гарын үсэг зурсан аж. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгаж байсан бөгөөд прокурор дүгнэхдээ энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэжээ. Харин Эрүүгийн хуулийн 23.1 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн байна. Гэвч дээрх гэмт хэрэг нь нотлогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил” өнгөрсөн нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэнэ.

Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ц.Насанбатын гарын үсэгтэй, хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай прокурорын мэдэгдэлд дурдсанаар “ИТХ-ын дарга нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих, Засаг дарга нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, ИТХ-д өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй. Дээрх нэр бүхий хүмүүс Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн үндсэн үүргээ биелүүлээгүй. Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй, хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн заалтыг ноцтой зөрчсөн, танил тал, удирдах албан тушаалтны нөлөөнд орж, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож үйлчилдэг үйлдэл нь авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгааг анхаарч, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатайг анхааруулъя” гэжээ. 

Прокурорын шаардлагын хариуг 30 хоногийн дотор ирүүлэхийг дээрх албан бичигт заасан бөгөөд үүнийх нь дагуу Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр хариу илгээсэн бөгөөд ёс төдий хариуцлага тооцсон болсон аж. Авлигын гэмт хэргийн шалтгааныг ингэж ч арилгадаггүй байлтай. 
Тус аймгийн удирдах албан тушаалтнуудыг АТГ-т шалгаж буй өөр хэрэг ч бий бөгөөд мөрдөн байцаалт дуусаагүй байна. Тэр нь төслийн хөрөнгөөр барьсан жорлонг завшсан гэх асуудал юм

Г.Равжаа

Эх сурвалж:  Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>