Хонгконг: Жагсаалыг “терроризм” гэж үзсэн БНХАУ хүчнийхнийг илгээхэд бэлэн байна

34

Хонгконг: Жагсаалыг “терроризм” гэж үзсэн БНХАУ хүчнийхнийг илгээхэд бэлэн байна

 

Хонгконгд гарч буй эсэргүүцлийн жагсаал нь хүч хэрэглэсэн, "терроризм”-ын шинжтэй болж байгаа гэж БНХАУ  үзэж байна. Тодруулбал даваа гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонгконг болон Макаогийн асуудал хариуцсан газрын албан ёсны төлөөлөгч Ян Гуан мэдэгдэл хийхдээ Хонгконгийн жагсагчид цагдаагийнхан руу дайрсан нь ноцтой гэмт хэрэг хэмээн онцолсон байна. 


"Сүүлийн өдрүүдэд жагсагчид цагдаагийн ажилтнууд руу дайрахдаа маш аюултай хэрэгсэл ашиглаж байгаа нь ноцтой хүчирхийллийн гэмт хэрэг төдийгүй терроризмын илрэл” хэмээн Хонгконгд болсон жагсагчид болон цагдаагийнхны хооронд гарсан ээлжит мөргөлдөөнтэй холбоотойгоор гаргасан мэдэгдэлдээ Ян Гуан  цохон тэмдэглэсэн байна. 


Тэрбээр жагсагчдын үйлдлийг олон нийтийн дэг журмыг бүдүүлгээр зөрчсөн, хонгконгчуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлсний дээр Хонгконгийн тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд эрсдэл учруулж байгаа хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 


Түүнчлэн цагдаагийн ажилтнууд руу шатамхай бодистой лонх шидэж, цагдаагийн ажилтнуудыг гэмтээсэн үйлдлийг эрс шүүмжилсэн байна. Өнгөрсөн ням гаригт жагсагчид болон цагдаагийнхны хооронд гарсан мөргөлдөөний улмаас 40 орчим хүн гэмтэж бэртсэний дотор цагдаагийн ажилтнууд байсан аж. 


"Энэ төрлийн хүчирхийллийн гэмт хэргийг өршөөлгүйгээр хууль ёсны дагуу шийтгэх ёстой” гэж Ян Гуан мэдэгджээ. 


Ийнхүү жагсаал хүчирхийллийн шинжтэй болсныг эрс шүүмжилсэн БНХАУ-ын эрх баригчид Хонгконг руу хүчнийхнийг илгээхэд бэлэн байгаа талаарх мэдээлэл гарлаа. 


Тодруулбал, Шэнжэнд байрласан Хятадын ардын зэвсэгт цагдаагийн хэсгүүд ямар ч үед Хонгконг руу орж, тэнд эмх журам сахиулахад бэлэн байгаа тухай Хятадын олон улсын мэдээллийн суваг болох CGTN мэдээлжээ. 


Эргэн сануулахад, БНХАУ-ын эрх баригчид Хонгконгтой ойролцоо орших Шэнжэн рүү цагдаагийнхныг илгээн, тэнд эсэргүүцлийн ажиллагааны үеэр гарч болзошгүй мөргөлдөөнийг дарах сургуулилт хийж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Анхлан Хятадын эрх баригчид энэ сургуулилтыг өөр зориулалттай гэж мэдэгдэж байсан ч сургуулилтын үеэр  эсэргүүцэгчдийг дүрслэхдээ "Хонгконгийн жагсагчид”-тай адил байдлаар дүрсэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. 

 

БНХАУ: 12 мянган цагдаа жагсагчдыг тараах бэлтгэл хийжээ 

 

Г.Бямбасүрэн

 
Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.