Б.Хурц нарын хэрэгт ямар хүмүүсийг яллагдагчаар татсан бэ?
Хэрвээ шүүгч нар улстөрийн захиалгаар, хэн нэгэн даргад таалагдахын тулд хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэр гаргасан бол хэзээ нэгэн өдөр яг С.Зориг агсны асуудал шиг эргээд гэмт хэрэгтэн болно гэдгийг батлан харуулж байна-
Өнгөрсөн сарын 12-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал бүтэн зургаан өдөр хуралдсаны эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргасан” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн юм.
Хэдийгээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох уг хэрэг нь нууцын зэрэглэлд байгаа ч зарим нэг зүйл нь учир мэдэх хүмүүсийн дунд шивэр авир гэгдэх болсон юм. Тухайлбал,бидний олж мэдсэнээр уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах болсон шалтгаан нь гэвэл нэр бүхий дарга нар болон хууль хяналтын зарим нэг хүмүүсийг Б.Хурц нарын хэрэгт яллагдагчаар татах нь зүйтэй хэмээн үзэж ийнхүү мөрдөн байцаалтад буцаасан ажээ. Өөрөөр хэлбэл, тэднийг албан тушаалдаа хайнга хандсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хоригдох үед эрүүдэн шүүх нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн хэмээн үзэж буй аж. Дээр бичсэнчлэн зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай гэсэн нь энэхүү ноцтой шийдвэр байсан аж. Тэгэхээр тус хэрэгт Б.Хурц нарын есөн хүнээс гадна нэмж нэр бүхий таван хүн яллагдагчаар татагдах магадлал өндөр байна гэсэн үг.
Хэрвээ тухайн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрх мэдэл бүхий хүмүүс хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бол өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдохгүй байсан нь лавтай. Яг үнэндээ Б.Хурц нарын есөн хүн ч зөвхөн дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу С.Зориг агсны хэргийг мөрдөж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт буруутай гэдгийг нь тогтоож шүүх тэдэнд ял ногдуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хонгилын шүүгч, прокурорууд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хуурамчаар шийдвэрлэн эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулж оролцсон гэж харж байна. Хонгил ганцхан эрүүгийн шүүхээр хязгаарлагдахгүй” хэмээж байв.
Хэрвээ шүүгч нар улстөрийн захиалгаар, хэн нэгэн даргад таалагдахын тулд хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэр гаргасан бол хэзээ нэгэн өдөр яг С.Зориг агсны асуудал шиг эргээд гэмт хэрэгтэн болно гэдгийг батлан харуулж байна. Тиймээс тангараг өргөсөн прокурорууд, хүний амьдралын хувь заяаг шийддэг эрхэм шүүгч нар алсын хараатай ажиллаж байж эргээд асуудалд орохгүй гэдгээ ухаарах цаг нэгэнт ирснийг С.Зориг агсны хэрэг яруу тодоор харууллаа. Тэгвэл нэр бүхий хүмүүсийг эрүүдэн шүүх нөхцөл бололцоогоор хангасан гэх эрхмүүд дараагийн шүүх хуралд ямархуу байдлаар оролцох бол гэдгийг харах үлдлээ.
Erennews.mn