Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно
Улсын хэмжээнд 7.9 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1683, хайгуулын 1239 нийт 2922 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Тэгвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр ирэх онд 36 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож авдаг юм.
Хуулийн заалтыг тодруулбал: Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 0,1 америк доллар, 2 дахь жилд 0,2 америк доллар, 3 дахь жилд 0,3 америк доллар, 4-6 дахь жилд тус бүр 1,0 америк доллар, 7-9 дэх жилд тус бүр 1,5 америк доллар байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 15 америк доллар байх бөгөөд нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд гектар тутамд 5 америк доллар байхаар заасан байдаг.
Э.Мөнхжин
Эх сурвалж: Zindaa.mn