Гар утасны тоглоомоор баяжсан Хятадын цагаач Сингапурын шинэ тэрбумтан боллоо
Сингапураас саяхан шинэ тэрбумтан төрсөн нь "Free Fire" гар утасны тоглоомыг бүтээсэн Sea Ltd компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ган Ие болжээ. 2017 оны сүүлээр зах зээлд гарсан уг тоглоом энэ онд Apple, Google-ийн дэлгүүрүүдийн хамгийн их таталттай таван тоглоомны нэгээр гурван улирал дараалан тодорч, нийт орлого нь $1 тэрбумыг давсан байна.
Үр дүнд нь Ган Иегийн эзэмшдэг хувьцааны үнэлгээ тэрбумын босгыг давсан юм. Sea Ltd компанийг хамтран байгуулалцсан Форрест Ли илүү их хувьцаа эзэмшдэг тул энэ оны эхээр түрүүлж тэрбумтан болжээ. Одоо 39 настай Ган Ие 1990-ээд оны үед Сингапурт нүүж ирсэн бөгөөд АНУ-д Карнеги Меллоны их сургуулийг дүүргэснийхээ дараа Сингапурын иргэн болж байв.
Эхлээд тэр Сингапурын төрийн байгууллагад ажиллаж байгаад сүүлд Sea Ltd компанийг үүсгэн байгуулалцаж, одоо үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар нь ажилладаг. Түүний компанидаа эзэмшдэг 8.4 хувь нь саяхан $1 тэрбумын үнэлгээнд хүрсэн болохыг Блүүмбэрг энэ долоо хоногт зарлаж, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад оруулжээ.
Одоо Sea Ltd компанийн зарим хувийг Хятадын технологийн аварга компани Tencent Holdings эзэмшдэг. Энэ оны гуравдугаар улиралд тус компанийн орлого $610 саяд хүрснээр зах зээлийн үнэлгээ нь огцом өсөж, үүсгэн байгуулагчдаа тэрбумтан болгоод байна. Sea Ltd компани тоглоомноос гол орлогоо олдог ч электрон худалдааны Shopee платформын орлого нь бас хурдацтай нэмэгдэж байгаа. Өнгөрсөн улиралд Shopee-гийн орлого гурав дахин нэмэгдэж, $206 саяд хүрсэн юм.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Bloomberg