Тавантолгойгоос их хэмжээний тонн нүүрс хулгайлагдсан уу?

Таван толгой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал: Хууль шүүхийн байгууллагуудаар эцэслэн тогтоогдож нотлогдоогүй мэдээ мэдээллийг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа цацсанаас болж үр дүнд нь уурхайчид хохирч байна. Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийг бүрдүүлэгч мөн.
Манай “Тавантолгой”-ХК нь 1966 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй 53 дах жилдээ явуулж, говь нутгийнхаа ард түмнийг илч дулаанаар хангаж, БНХАУ-д анх удаа нүүрс экспортолж, гурван үеийн уурхайчид ажилласаар ирсэн арвин баялаг түүхтэй, ТОП 100 аж ахуйн нэгжийн тоонд байнга дээгүүр байранд эрэмбэлэгддэг Монгол улсын ууган уурхайнуудын нэг билээ.
Гэтэл сүүлийн хоёр жилд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Тавантолгой” ХК-ийн нэр хүндэд халдаж, хууль хяналтын байгууллагуудын эцсийн шийдвэр, дүгнэлт гараагүй байхад олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр ярьж, улс төржсөн мэдээ мэдээллүүдийг удаа дараа санаатайгаар тарааж байгаа нь компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг сөрөг байдлууд бий болж байна.



