Шинэ юм алга, засаглал, парламент ийм л явж иржээ

105

Сонгуулийн тухай хууль батлагдаж, гишүүд, нэр дэвшигчид томсгосон тойрогт хүч үзэх нь тодорхой болсон. Одоогоор олны анхаарлын төвд “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт маргаан дагуулж байна. Юуны өмнө томсгосон тойрогт олны танил эрхмүүд сонгогдоно уу гэхээс биш шинэ залуу хүн сонгогдох магадлал тун бага юм. Тэгэхээр МАН, АН, МАХН ч бай аль нэг улс төрийн хүчнээс танигдсан улстөрчдөөр бүрдсэн парламент бий болох өндөр магадлалтай. Мэдээжийн хэрэг, Засгийн газар ч хамтрах зураг харагдаж буй. Энэ нь 2004, 2008 оны сонгуулийн дүр зураг, сонгуулийн дараах бүтэц харагдаж байгаа юм. Магадгүй 2012 оны сонгуулийн дүр зураг ч бууж байгаа байх.

Өнгөрөгч 2004 онд өдгөөгийн МАН 36, “Эх орон, ардчилал” эвсэл 36, БНН нэг, бие даагч гурван гишүүн гарч ирснээр парламент бүрдэж байв. Энэ үед “Их эвслийн” хэмээх Засгийн газар бүрэлдэж байсныг уншигчид мартаагүй байх. Мөнхүү 2008 онд өдгөө батлагдаад буй тогтолцоогоор сонгууль явуулж, эрх баригч МАН 45, АН 20 гаруй суудал авсан ч олонх болсон МАН, тухайн үеийн МАН-ын дарга С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулж байсан, энэ тухай хойш дэлгэрэнгүй дурдах болно.

Арга ч үгүй, парламентад 20 гаруй суудалтай нам гэдэг боломжийн сөрөг хүчин учраас нийгэм, эдийн засагт нөлөөлөх бүхий орд газрын төслийг явуулах гээд олон шалтгаан байсан учраас ийм шийдэл гаргасан гэдэг нь тодорхой харагдаж байна. Оюутолгой хэмээх энэ төсөл өнөөдөр ч маргаан дагуулсаар. Мөн 2012 оны сонгууль ч томсгосон тойргоор явсан. Тухайн сонгуулиар АН арай илүүрхэж ялсан ч олонх болж чадаагүй, тэд Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээнд сонгуульдаж чадаагүй. Тиймээс Засгийн газартаа МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг урин ажиллаж байсан. Бидний ардчилсан сонгууль өгсөн гучаад жилийн түүхэнд ийм гурван тохиолдол эргээд айсуй 2020 онд давтагдах магадлал байгаа юм. Тэгэхээр ирэх сонгуульд МАН олонх болох, АН цөөнх болох тухай ярих арга алга. “Одууд” орох юм байна. Тэгэхээр ирэх сонгуулиар 2000 оны 72, 2016 оны 65 суудал авдаг шиг ялалт ирэхгүй нь ойлгомжтой боллоо. Тэгэхээр өнгөрөгч сонгуулиудын түүхээс авч үзье. 

Анхны ардчилсан сонгууль өгөхөд, 1992 онд Улсын дээд шүүхэд 12 нам бүртгэлтэй байжээ. Энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлдэг МоАН, МНН, өдгөө улс төрд оролцоотой олон нөхдийн харъяа МҮДН нийлсэн байдаг. Өөр арга байсангүй. Тиймээс “МоАН, МНН, МҮДН” гэх нэгэн эвсэл байгуулсан юм билээ. Тухайн сонгуулиар МАН 70 суудал, “МоАН, МНН, МҮДН” эвсэл дөрөв, МСДН нэг, бие даасан нэр дэвшигч нэг суудал авсан байдаг.

Үүнээс хойш 1996 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл байгуулсан, арга ядсан хэрэг. Тэр нь юу вэ гэхээр МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл байгуулж, түүнд МҮДН-ын дарга Д.Ганболд, МСДН-ын дарга Р.Гончигдорж нар гарын үсэг зурсан гэдгийг судлаач Д.Ганхуяг дурдсан байна лээ. Энэ үед мөрдөгдөж байсан хуулиар эвсэл байгуулбал эвслийн “Төлөөллийн Төв байгууллага” байгуулах ёстой байсан гэдгийг судлаачид хэлж байна.

Гэтэл хуулийн энэ заалтыг огт биелүүлэлгүй хоёр намын дарга зэрэгцэн сууж гарын үсэг зураад л эвслээ байгуулсан нь өнөөх засаг унах шалтгаан болсон гэж болно. Тодруулахын бол Н.Энхбаярын унагаасан дөрвөн Засгийн газар эндээс эхтэй. Уг нь төлөөллийн төв байгууллагын шийдвэрийг шаардаж байхад “Ардчилсан Холбоо” эвсэл хэмээх албан бланк дээр МҮДН, МСДН хэмээх хоёр намын даргын гарын үсгийг зэрэгцүүлэн зурсан гэдгийг ч хэлж байна.

Энэ үед АН-ын нэр зүстэй бүхэн Ц.Элбэгдоржоос эхлэн суралцах нэрийдлээр гадаадад дүрвэн гарсан гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Энэхүү ялагдлаас хойш ухамсар суусандаа биш, ялагдал ойлгосон нөхөд МҮАН, МСДН-ын санаачлагаар МАСМН, МШАН болон МУНН-ын зарим хэсэг АН болон нэгдсэн.

Айсуй сонгуулиар энэ эвсэх хандлага их харагдаж байна. Тэгвэл 2003 онд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, АН-ын дарга М.Энхсайхан нар “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулсан нь өнөөдрийн ирж буй цаг хугацаа юм. Үүнээс цааш дурдвал дээр хэлсэнчлэн МАН 45, АН 28, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” нэг, ИЗН, нэг бие даагч нэг сонгогдсон. Хамтарсан нь үнэ, тийм л дүр зураг харагдаж буй. Харин 2012 онд АН 31, МАН 25, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам хоёр суудал авч, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар бие даан орж ирсэн ийм л сонгуулийн түүхтэй. Энэ бүгдийг дурдахын учир бол айсуй сонгууль дахин давтагдах юм байна. Шинэ парламент бүрдэхгүй, шинэ Засгийн газар бүрдэхгүй.

С.Ууганбаяр    

Эх сурвалж: Zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.