Трамп Ирантай дайтахаас зайлсхийж, цөмийн хөтөлбөрөө зогсоохыг уриаллаа
Өчигдөр өглөө Ираны зүгээс Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад пуужингийн цохилт өгсөн билээ. Энэ ажиллагаа нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын агаарын довтолгоонд амиа алдсан генерал Кассем Солейманигийн өшөөг авах зорилготой байв. Ираны пуужингийн цохилтын дараа Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийжээ.
Агаарын цохилтод ганц ч Америк болон Ирак хүн өртөөгүй бөгөөд энэ нь АНУ-ын армийн урьдчилан мэдээлэх систем найдвартай ажилласны үр дүн гэж Трамп тайлбарласан байна. Нэгэнт ноцтой хохирол учраагүй тул хариу цохилт өгөхгүй гэж тэр хэлжээ. Харин агаарын цохилтын дараа Ираны тал дайсагнасан байр сууринаасаа ухрах шинж ажиглагдсан тухай Трамп хэлсэн юм.
Вашингтоны зүгээс зэр зэвсгийн цохилт өгөхийн оронд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг нэмж зарлах гэнэ. Трамп бас Иран улсын цөмийн зэвсэгтэй болох амбицыг дарахад дэлхийн бусад улс орнуудыг, тэр дундаа Хятад улсыг хамтарч ажиллахыг уриалжээ. Тэрээр Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж, 2015 онд Ирантай дэлхийн томоохон гүрнүүдийн байгуулсан цөмийн гэрээг шинэчлэхийг уриалсан байна. Уг гэрээнд Хятад улс нэг оролцогч нь болсон юм.
“Бид бүгд Ирантай гэрээ байгуулахад хамтран ажиллаж, дэлхийг айх аюулгүй, амар амгалан болгох ёстой” гэж Трамп мэдэгджээ. Тэр бас цөмийн хөтөлбөрөө зогсоохыг Тегераны эрх баригчдад уриалж, Исламын улс зэвсэгт бүлэглэлийг устгах нь хоёр улсын хувьд адилхан нэн тэргүүний зорилт болохыг хэлсэн байна.
Өчигдөр өглөө Иран улс Ирак дахь хоёр цэргийн баазад пуужингийн цохилт өгсний нэг нь тус улсын умард бүсийн Ирбил хотын орчимд байдаг бол нөгөө нь Иракийн баруун бүсийн Аль Асад агаарын бааз байв. Эдгээр баазуудад АНУ-ын цэрэг байрладаг. Тагнуулын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Иран улс сөргөлдөөнийг хурцатгахгүйн тулд зориуд хохирол учруулахаас зайлсхийж, зөвхөн генерал Солейманигийн аллагад анхааруулга өгөх зорилготой пуужингийн цохилт өгсөн гэнэ.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters