Ихэнх хүмүүст шинэ жилийн баярын дараа ядрах, хамаг бие нь сульдах
түүнчлэн сэтгэл гутралд орох нь элбэг тохиолддог аж. Үүнийг
баярын-дараах сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Энэ нь шинэ жил, цагаан сар
зэрэг баяруудын дараа ихэвчлэн тохиолддог байна. Энэ сэтгэл гутралд
нөлөөлж болохуйц олон шалтгаан байдаг гэж www.psychcentral.com дээр
дурджээ.
Жишээлбэл: Гэр
бүл, дотны хүмүүсээ бүгдийг нь баярлуулъя гэж бодоод түүндээ хүрч
чадаагүйдээ харамсах, нэг бол бэлэг дурсгалд хэт их мөнгө зарцуулаад өр
зээлэнд унаснаас, турах гэж байсан хүн хэт их идэж тэмцэл нь
бүтэлгүйтэх, гэр бүлтэйгээ жаргалтай цагийг өнгөрөөснийхөө дараа буцаад
ганцаардмал байдалдаа орох, шинэ жилээр ямар ч баяр баясалгүй байсан
мөртлөө өөрийгөө хүчилж жаргалтай мэт дүр эсгэснээс, хэд хоног хэт их
амарч назгайрснаас гэх мэт. Мэргэжилтнүүд хэлэхдээ баяр ёслолыг бусад
өдрөөс өөр онцгой мэт хэт тусгаж авах нь буруу.
Үүнээсээ
биелж боломгүй баяр баясал, аз жаргалыг шаардах нь сэтгэл дундуур
үлдэхтэй холбоотой. Мөн ганцаардмал, ганц бие хүмүүс эдгээр өдрүүдэд
өөрсдийнхөө дутагдалтай талыг анзаарч шаналах нь элбэг тохиолддог.
Тиймээс эдгээр өдрүүдэд бусадтай адил жаргалтай мэт дүр эсгэх, өөрийгөө
хүчлэх нь утгагүй зүйл гэжээ.
Баярын дараах сэтгэл гутрал нь азаар удаан үргэлжилдэггүй. Энэ нь
сэтгэлийн эмгэг гэхээсээ илүү оюун санааны ядаргаа гэвэл илүү таарна.
Мөн бидний буруу хооллолт, хэт их хэмжээний архи согтууруулах ундааны
хэрэглээ нь ходоод гэдэсний үйл ажиллагааг хямрааж мөн эрч хүчгүй,
зовууртай мэт хэцүү болгож байгаагийн бас нэг шалтгаан. Psychology Today
blog дээр баярын дараа хүмүүсийн өвчлөлт эрс ихэсдэг. Энэ нь стресс
болон сэтгэл гутралтай холбоотой байж болзошгүй хэмээ нь онцолсон байна.
Хүн хэт их эрч хүчтэй, хөдөлгөөний идэвхтэй байж байгаад буцаад хэвийн
байдалдаа орох үед сэтгэл санаа болон бие мах бодь маш их цуцсан байдаг
нь дархлаа сулрах шалтгаан болдог байна .