Владимир Путин ОХУ-ын шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

129

ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсны дараа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлжээ. Ерөнхий сайдын суудалд Холбооны Татварын Албаны дарга Михайл Мишустины нэрийг дэвшүүлсэн байна. Путин өчигдөр орой Мишустинтай уулзаж, санал тавьсныг нэр дэвшигч зөвшөөрчээ. Нэр дэвшигч Кремлийн ордноос гараад шууд ОХУ-ын парламентын удирдлагуудтай шуурхай уулзалт хийсэн байна.

Парламент өнөөдөр буюу Пүрэв гарагт Мишустиныг ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. 53 настай Михайл Мишустин нь эдийн засгийн ухааны доктор бөгөөд Оросын төрд олон жил ажилласан боловсон хүчин юм. Тэрээр завсарт нь хэсэг хугацаанд хувийн бизнесийн салбарт ажилласны дараа 2010 оноос эхлэн Холбооны Татварын Албаны даргаар ажиллах болсон байна.

Өчигдөр Владимир Путин тус улсын парламентад тавьдаг жил тутмын илтгэлдээ ОХУ-ын үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн санал танилцуулсан юм.

Тэдгээрийн дотор парламентын эрх мэдлийг нэмэгдүүлэх санал багтсан байна. Санал ёсоор ОХУ-ын парламент ерөнхий сайдыг зөвхөн батлаад зогсохгүй нэр дэвшүүлэх эрхтэй болох юм. Парламентын дэвшүүлсэн нэр дэвшигчийг ерөнхийлөгч буцаах эрхгүй болох ажээ. Үүнээс гадна парламент ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн танхимын гишүүдийг хэлэлцэж, батлах эрхтэй болох гэнэ. Ийм өөрчлөлт хийснээрээ Путин өөрийн залгамжлагчийн хүч нөлөөг сулруулах арга хэмжээг авах гэж байна гэж өрнөдийн ажиглагчид дүгнэжээ. Засаглалын хүчний харьцаанд томоохон өөрчлөлт орох нь тодорхой болсон тул гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг ерөнхийлөгчид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев тайлбарласан юм. Владимир Путин түүнд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг санал болгосон байна.

Р.Төмөр 

Эх сурвалж: Russia Today

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.