Монголчууд жил бүр үнийн өсөлтөд "дарлуулж" амьдардаг боллоо

492

Монголчуудын гол хэрэглээ болсон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоо хоногийн дотор огцом өсчихжээ. Нийслэлийн  Статистикийн газраас хийсэн судалгаанаас харахад 2020 оны 01-р сарын 22-ны өдөр хүртэл хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтовортой байдалтай харагдаж байгаа юм.

Энэ сарын 22-ныг хүртэл харуулсан судалгааг нийслэлийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн дээр хийсэн аж. Гэтэл сүүлийн долоо хоногт гурил, будаа, мах, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 1000-3000 төгрөгөөр огцом нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар Бөмбөгөр, Нарантуул 2 худалдааны төвүүдэд Улаанбаатар 1-р гурил нэг килограмм нь 1300 төгрөгний ханштай байгаа бөгөөд долоо хоногийн өмнөхөөс 500 төгрөгөөр өссөн байгаа юм. Тухайлбал долоо хоногийн өмнө Улаанбаатар 1-р гурил 900-930 төгрөгний үнэтэй байсан нь ийн өсчээ.

Энэ байдлаар үргэлжилбэл сар шиний баяр тулмагц үнийн хөөрөгдөл сэнсэртэл өсөх нь дамжиггүй. Худалдаачид нэгэнт хөөрөгдсөн үнээ эрэлт ихтэй үеэр буулгахгүй.  Тэр бүү хэл, дотоодын үйлдвэрүүдийн гурил, хэвийн боов нь хүртэл хомсдож, үнэ нь тэнгэрт хадсан удаа бий.

Манайхаас өөр улс баяр ёслолын үеэр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж, эрэлт ихтэй үеийг овжин ашиглаж хямдруулдаг юм билээ. Ялангуяа дотоодын үйлдвэрлүүд нь бодлогоор бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, өөрсдийгөө сурталчлах зэрэг зохицуулалт хийдэг гэсэн. Гэтэл манайд эсэргээрээ.  Баяр ёслол дөхмөгц жил бүр үнийн өсөлтөд дарлуулж амьдардаг боллоо.

Үнийн хөөсийг хөөсрүүлэхгүй байх тал дээр зохицуулалт хийх холбогдох байгууллагууд нь  баяр ёслолын үеэр л ид ажиллах ёстой баймаар. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар жижиг гэлтгүй дэлгүүрүүдээр явж, хяналт шалгалт хиймээр байна. ХХААХҮЯ ийм үед үүрэг чиглэл өгч, зохицуулалт хийх ёстой атал чихгүй толгой шиг байгаад гайхаж байна.

ЭХ СУРВАЛЖ: У.МАНДАХ, FACT.MN

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>