Хойд Солонгост коронавирусийн эсрэг хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан хаагчийг цаазалжээ

574

Өмнөд Солонгосын хэд хэдэн хэвлэлүүдэд Хойд Солонгосын эрх баригчид коронавирусийн эсрэг хорио цээрийн дэглэм зөрчсөн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг цаазаар авсан талаар мэдээлжээ.  

Хойд Солонгосын эрх баригчид БНХАУ-д гарсан коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх гаднын улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд танилцуулсан. Үүний дараа тус улсын удирдагч Ким Жон Ун төрийн мэдлийн хэвлэлээр улс даяар онц байдал зарлаж, БНХАУ-тай хилээ хаан, бүх нислэг болон галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, сүүлийн 30 хоногт Хятадад зорчсон иргэдийг хөл хорих шийдвэрийг гаргасан бөгөөд гаднын улсын иргэд төдийгүй дипломат албан хаагчид хүртэл ямар ч болзолгүй үүнийг дагах шаардлагатай гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр цаазлуулсан иргэн нь Хойд Солонгосын төрийн албан тушаалтан байсан аж. Тэрээр БНХАУ-д зорчоод байсан бөгөөд хөл хорионд байх хугацаандаа нийтийн саунаар үйлчлүүлж байгаад хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна. Ингээд эрх баригчдын зүгээс хорио цээрийн дэглэм зөрчсөн түүнд цаазлах ял оноосон аж. Энэ асуудлын талаар Хойд Солонгосын Гадаад хэргийн яам ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.    

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны зүгээс “Covid-19” вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх хорио цээрийн дэглэмийн хүрээнд тус улс дахь гаднын улсуудын консулын дипломат ажилтнууд болон олон улсын байгууллагын ажилчдад хөл хорих, эрүүл мэндийн хяналт тогтоох арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 1 хүртэл сунгах болсон талаар мэдэгджээ. Мөн тус улсын эрх баригчдын зүгээс танилцуулсан хорио цээрийн дэглэм сахиулах тогтоолд уг арга хэмжээг 30 хоногоор нэмж сунгах боломжтой талаар дурдсан байна. Энэхүү мэдэгдлийг пүрэв гаригт Хойд Солонгосын нийслэл Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар баталсан юм.

Хойд Солонгост зорчдог иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байдаг. Тус улсад одоогоор “Covid-19” вирусийн батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна. Гэсэн ч мэргэжилтнүүд хаалттай улсын хувьд Хойд Солонгост коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн ч мэдээлэхгүй байх өндөр магадлалтай талаар дурджээ.

Харин Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс пүрэв гаригт хөрш оронд нь гарсан “Covid-19” тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд туслах үүднээс Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцлахыг дэлхийн улсуудад уриалсан байна. Энэ талаар Улаан загалмай нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Хавиер Кастелланос “Бид Хойд Солонгосын ард түмэнд болзошгүй дэгдэлтэд бэлтгэж, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой хувийн хамгаалалтын хэрэгслүүд болон оношилгооны техникүүд маш их хэрэгцээтэй байгааг мэдэж байгаа. Гэсэн ч тус улс дахь манай салбар эдгээр тусламжийг бэлтгэх асуудалд хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарч байна. Жишээ нь Хойд Солонгос олон улсын эдийн засгийн хоригт орсонтой холбоотойгоор банкны гүйлгээ хийх боломжгүй зэрэг хүндрэл тулгарч байна. Өөрөөр хэлбэл одоогоор энэ улсад хүмүүнлэгийн тусламж явуулах ямар ч нөхцөл боломж байхгүй болоод байна” гэжээ.

О.Мөнхбат

Эх сурвалж: Wikitree, Daily Star, Aljazeera 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>