Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та хариуцлагаа хүлээж огцорно уу!!!
Засгийн газарт бул хар чулуу болсон бүтэлгүй сайд нэг бус бий. Тэдний дотроос шударга ёсны зарчмын шалгуураар нэн даруй огцрох болзол хангасан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Та мөнөөс мөн. Иймд:
1. Өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн таны амлалт өдгөө хий хоосон цуурай мэт болов. Та 2012-2016 оны АН болон Шударга ёс эвслийн Засгийн газрыг ёстой бахаа ханатал шүүмжлэхдээ “Хэмжээлшгүй их өр тавьсныг нь би л мундагаараа бараг хувиасаа төлж барагдуулж байна” гэх маягаар хэвлэлд эх адаггүй баахан ярилцлага өгч өөрийгөө рекламдаж байсныг хүмүүс бэлхнээ санаж байгаа. Гэтэл 2016 оноос хойш өнөөдөртэй золгоход Засгийн газрын төлөх өр 2.3 дахин нэмэгдээд байна. Үүнийг ам.доллар, төгрөгийн харьцуулалтаар авч үзвэл Засгийн газрын төлөх өр 7.9 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 22.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь Монгол улсын нэг иргэнд 6.7 сая төгрөг ноогдож байна гэсэн үг. Тэгэхээр таны өр нэмэгдүүлэхгүй гэсэн гоё амлалт хайчсан бэ? Үүний төлөө Та зайлшгүй хариуцлага хүлээх ёстой бус уу?!
2. Зөвхөн сүүлийн гурван жилд буюу 2017-2020 оны хооронд төгрөгийн ханш 40 гаруй хувиар унажээ. Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний үнэ үүнээс илүү нэмэгдэж өнөөдөр Монгол улсын гурван хүний нэг нь ядуурлын байдалд ороод байна. Үүний нэг гол шалтгаан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутолгой компанийн орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийн төслийг та ганцаараа жадлан эсэргүүцэж буцаасан явдал байлаа. Таны ийм хорлонтой үйлдлийн улмаас гадаад валютын орлого буурч, худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсээр байна. Түүнчлэн таны ахалдаг Санхүүгийн Зөвлөл, мөн Монгол банк нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд түүхэнд байгаагүй их хэмжээтэй, тодруулбал, нийтдээ 10 их наяд төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь төгрөгийн ханшийн уналтыг тийнхүү огцом унахад хүргэсэн юм. Таны санаатай гэмээр ийм харалган алдааг хатуухан хэлэхэд эдийн засгийн аллагын хэлбэр гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болов уу. Ингэж та УИХ-д өргөсөн тангарагаасаа няцаж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг улам унагах замаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, илт хохироосон тул хариуцлагаа ухамсарлан огцрох ёстой.
3. Та 2020 оны улсын төсвийн хуулийг УИХ-д өргөн барьж батлуулахдаа Монгол улс, нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашигт огт нийцэхгүй хуулийг батлуулсан байна. Тэгэхдээ тодорхой бус шалтгаанаар улсын төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлуулж, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн орон зайг хумиж, хясан боогдуулжээ. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсвийг 2019 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн зэргээс харахад 2020 оны улсын төсөв нь Монгол улсын эрх ашгийн төлөө бус зөвхөн УИХ дахь МАН-ын 64 гишүүнийг сонгуульд ялуулахад зориулсан төсөв болсон байна. Эдгээрээс жишээлэхэд, сум, багийн засаг дарга нарын албан конторын барилга барих гэх мэт хэрэгцээ шаардлага багатай зүйлд 57 тэрбум төгрөг суулгаж өгсөн зэргийг хэвлэлүүд шүүмжилж байгаа. Мөн танай Засгийн газар короно вирусын эсрэг арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг гаргана гэсэн атал харин та 2020 оны тийм үрэлгэн төсөвт тодотгол хийхгүй гэж олон удаа мэдэгдэж, мэлзэж байна. Тэгвэл тэрхүү 5.1 их наяд төгрөг чинь 2020 оны улсын төсвийн орлогын 40 гаруй хувьтай тэнцэж байгаа шүү дээ. Ийм байхад төсөвт тодотгол хийхгүй гээд улайраад байгаа нь сонгуулийн зардлын хууль бус санхүүжилт хийхээр зэхэж байна гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Таны дээрх бүх санаатай, санаандгүй бусармаг үйлдлүүд чинь Монгол улс, нийт ард иргэдийн эрх ашигт огт нийцэхгүй бөгөөд дан ганц МАН-ын 2020 оны сонгуульд зориулагдсан санхүүгийн схем буюу бусдын эрх ашигт үйлчилсэн хэлбэр гэж үзэхээс аргагүй тул холбогдох хуульд заасны дагуу Та хариуцлага хүлээж, Сангийн сайдаас огцрох өргөдлөө нэн яаралтай өгч шийдвэрлүүлнэ үү.
Б.Отгонбаяр
Шуурхай.мн