Оросоос ирсэн 17 хүний давтан шинжилгээнд 1 иргэнээс COVID-19 илэрч, нийт 33 боллоо
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү
"2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өчигдөрМонгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн ажиглалт, хяналтад шилжлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс давтан шинжилгээ авахад 16-д нь илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ иргэн нь Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн Мосвка хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан" гэлээ.
Манай улсын хувьд ажиглалтад 1229 хүн байна. Үүнээс дөрвөн хүн гарч дөрвөн хүн нэмэгдэж ажиглалтад оржээ. Ажиглалтад байгаа халдвартай найман хүн, хавдартай 35 хүнд COVID-19 илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй аж.
Өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 32 тохиолдол:
- 2020.0310: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
- 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.