Бээжингийн шинэ хууль Хонгконгчуудыг Англи руу “нүүхэд” хүргэв

30

Бээжингийн шинэ хууль Хонгконгчуудыг Англи руу “нүүхэд” хүргэв

 

Б.ДОЛЖИНЖАВ

 Англи улс Хонгконгоос ирсэн 10 мянган цагаач иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлаа эхлүүлж, өмнө тус улсын колонид Хонгконгийн оршин суугчдад шинэ виз олгохоор болсноо өчигдөр зарлалаа. Хятад улс өнгөрсөн жил  Үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталж, автономит бүс болох хонгконгчуудын эрх чөлөөг хязгаарласан билээ. Үүний дараагаар нэр хүндтэй олон тэмцэгч болон улстөрчид дүрвэж, тус улсын иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж эхэлсэн юм. Учир нь шинэ хуулиар салан тусгаарлах оролдлого хийж, гадаадын хүчинтэй нэгдвэл бүх насаар нь хорихоор болсон. Тухайлбал, тус хуулийг эсэргүүцсэн жагсаалаас хойш 400 мянган хонгконг иргэнд паспорт олгосон нь 15 жилийн өмнөх иргэншил хүсэгчдийн нийлбэр дүнгээс их байна гэж Английн Дотоод хэргийн яам мэдээлэв. Энэ талаар  Английн ерөнхий сайд Борис Жонсон "Хонгконгийн иргэдтэй найрамдалт, гүн гүнзгий харилцаа холбоотой байсан түүхэн цаг үе бидэнд бий. Тиймээс бид Хонгконгийн эрх чөлөө, автономит байдлын эсрэг тэмцсэн.  Англи болон Хонгконг улс хэн хэнийхээ хувьд үнэ цэнтэй юм” гэж баасан гаригт мэдэгдэв.

Үүнийг хонгконгчуудыг Хятадад шилжүүлэн өгсөн гэрээг зөрчсөн хэмээн Бээжин буруутгав. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян "Их Британи Хонгконгийг эх газрын Хятадад 24 жилийн хугацаатайгаар буцааж өгсөн гэрээгээ зөрчлөө. Тус улсын иргэдэд иргэншил олгох шинэ төсөл нь Хятад болон Хонгконгийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрхт байдал ба олон улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байна” гэв. Хонгконгийн "South China Morning Post” сонинд бичснээр Бээжингийн Засгийн газар Английн паспорттой хонгконг иргэдийн  төрийн алба хаших, сонгууль өгөх эрхийг хасчээ.

Их Британийн олгосон энэ паспортоор Хятад руу аялахыг зөвшөөрдөггүй юм. Хонгконг иргэд гэр рүүгээ буцахын тулд Хонгконгийн иргэний үнэмлэх хэрэгтэй. Тиймээс дээрх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Гэвч эдгээр бэрхшээлээс үл хамааран, үндэсний аюулгүй байдлын хуулиас шалтгаалан эхний гурван жилд 600 мянган хонгконг иргэн  Англи руу шилжинэ гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.