Хөрөнгийн зах зээлд хувьцаа болгох 2.9 их наядын нөөц бий
Компаниуд Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаа санал болгох хэлбэрээр 248.2 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон статистик бий. Энэ бүхний цаана хууль эрх зүйн орчны том дэмжлэг байсныг онцлох учиртай. Компанийн хууль 2011 онд, Үнэт цаасны зах зээлийн болон Хөрөнгө оруулалтын сангийн хуулиуд 2013 онд шинэчлэн батлагдаж дагалдах журмууд нь боловсруулагдсанаар зохицуулалтын орчин илүү сайжирсан юм.
Монголд хөрөнгийн зах зээл үүссэнээс хойш ердөө 248.2 тэрбум төгрөгийн хувьцааны санхүүжилт төвлөрүүлсэн нь үнэхээр чамлалттай үзүүлэлт гэж экспертүүд дүгнэж байна. Үүнээс илүү хөрөнгө босгох нөөц бололцоо бий. Тухайлбал, жишиг улсуудын түвшинд хүрэх боломж юм.
Үнэт цаас гаргагч талаас гэвэл топ-100 компаниас 10 хүрэхгүй нь л хөрөнгийн зах зээлийг ашиглаж, хөрөнгө босгосон. Үүнээс харахад монголын топ аж ахуйн нэгжүүд энэ зах зээлд итгэх итгэл бага байгааг харж болно. Казакстан гэх мэт зарим улсуудтай төстэй. Гэхдээ манай зах зээлийн онцлог бол 90 орчим хувь нь банк дангаараа эзэлдэг. Энэ шалтгаан нь хадгаламжийн болон мөнгөний бодлогын хүү өндөр.