Жижиг хувьцаа эзэмшигч ба охин компани

999

Жижиг хувьцаа эзэмшигч ба охин компани

 

Санхүүгийн зах зээлийн нэг багана нь хөрөнгийн зах зээл гэдэг. Сүүлийн жилүүдэд энэ салбар эрчимтэй хөгжихийн хэрээр зах зээлийн хөгжлийн тушаа болох таагүй үзэгдлүүд гарсаар байгаа нь энэ салбарт итгэх хүмүүсийг эргэлзэхэд хүргэж байна.

"ОХИН” КОМПАНИ ГЭХ ХАЛХАВЧ

Жижиг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэнэ гэдэг сэрүүн зүүд болж буй. Үүний тод жишээ нь "Улсын их дэлгүүр” хувьцаат компани. Хоёр жилийн өмнө 45 мянган хувьцаа эзэмшигчээ үл тоомсорлосон шийдвэр гаргаснаар дуулиан эхэлж байсан юм. Шүүхийн шатанд явж байсан асуудлыг эцэслэсэн. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо ялагдсан тухай албан бус эх сурвалжаас хэлж байна. Харин энэ мэдээлэлд тус хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг "Цаг хугацаа хожих, жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг сэргээх үүднээс урт хугацааны уулзалт, хэлэлцээрийн үр дүнд УИД болон Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн сарын 14-нд "УИД үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах” гэрээ байгуулсан. Ингээд шүүхэд хүсэлт тавьснаар эвлэрэлийн гэрээ байгуулсан” гэв. Эцсийн дүндээ жижиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэдгээ харуулахыг зорьж буйгаа тэрээр мөн хэлэв. Эвлэрснээрээ "охин” нэртэй компанидаа ашгаа хуримтлуулах бодлогоо өөрчлөх юм гэнэ, "Номин”-гийнхон. Харж л байя.

 

Бас нэгэн жишээ, саяхан АПУ компанийн борлуулалт нэмэгдсэн хэдий ч хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж чадахгүй нь гэх мэдээлэл гарсан. 300 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй "АПУ” компани 2016 онд 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч 27 тэрбум нь гадаадын валютын зээлийн ханшийн алдагдалд арчигдаж. Ердөө гурван тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлджээ. "Энэ бол манай санхүүгийн системийн гажуудлын хамгийн том илэрхийлэл” хэмээн Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар хэлсэн юм. Хувьцаат нэртэй хувьцаат компаниуд нь банкны зээлтэй байгаа нь харамсалтай. Уг нь санхүүгийн салбарын хоёр дахь баганыг тулж буй боловч нөгөөх л банк гэх айлын үүдийг сахих жишээний. Өөрөөр хэлбэл, түүндээ ихэнхи ашиг, орлогоо суутгуулдаг дүр зураг. Мэдээж өнөөх л "охин” компанийн асуудал сүүдэр мэт дагаастай. "АПУ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг "Манай компани хувьцаа эзэмшигчдэд илүү нээлттэй болно. Засаглалын тогтолцоогоо сайжруулж, дотоод аудитын системд бүтцийн өөрчлөлт хийснээр хараат бус хяналтын тогтолцоог бий болгоно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харж л байхаас ямартай ч жижиг хувьцаа эзэмшигчдээр даажигнаагүй гэж найдья.

ЯСТ МЭЛХИЙН ХУРД...

Манай улс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж санхүүгийн системээ сүйрлээс аврах ёстойг судлаач, шинжээч, эдийнзасагчид хэлсээр ирсэн. Харин түүнийг нь хэрэгжүүлэх үйл явц яст мэлхийн хурдаар урагшилсан гэхэд буруудахгүй. Үнэн хэрэгтээ манай улсад компанийн засаглал нутагшаагүйгээс энэ асуудал улбаатай гэж болно. "Охин” компаниар дамжуулан завшдаг томоохон компаниудад дайх үг байна, "Та нар битгий давар”.

 

 

Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>