МАН-ЫН “ТЭРГҮҮН ХАТАГТАЙ” Х.БУЛГАНТУЯА

353

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн тендер түүж, бизнесээ хэрхэн өргөжүүлдэг баримтыг хүргэж байна. 

   2013 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар 32-хон настай Х.Булгантуяа гэх бүсгүй томилогдож, гуравхан жилийн дараа Сангийн дэд сайдаар томилогдож байв. Улс төрд ингэж хурдан шат ахисан нь анхаарал татаж, "Хэний хүн, яаж яваад ороод ирэв” гэх яриа зүй ёсоор гарсан. Тухайн үедээ "Петровис” группийн Ж.Оюунгэрэл агсан түүнийг МАН-ын Нарийн бичгийн дарга болгон дэвшүүлж, улмаар Сангийн дэд сайд болгож, улс төрд оруулж ирсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан билээ. Түүнээс хойш ч нэг биш удаа "крандуулсан" жишээ түүнд бий. Хамгийн сүүлд л гэхэд эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, бас нэг удаа "крандууллаа". Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гэж хэн бэ. 


         "КРАНДУУЛСАН" НАМТАР

          УИХ-ын гишүүн Х.Булгантуяа наймхан жилийн дотор "Петровис” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаас НАМЗХ-ны дэд тэргүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга, Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болтлоо дэвшиж чадсан товч бөгөөд дардан намтартай нэгэн. Ховор хувь заяа гэх үү, хэтэрхий том артайнх гэх үү тэр ингэж хурдан дэвшсэн. Сангийн дэд сайд байхдаа "Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахад шалтгааныг бий болгосон" хэмээн шүүмжлүүлж байсан ч УИХ-ын гишүүн болж чадсан. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн парламентад суулгахаар онцгойлон анхаарч зүтгүүлсэн хүмүүсийнх нь нэг гэдэг. Тиймдээ ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын алба, тоотой холбоотой төсөл, хөтөлбөр, ажлуудыг аминчлан хариуцуулдаг гэх. Сангийн дэд сайд байхдаа хүүхдээ төрийн ордонд хөхүүлж байсан зураг нь цахим орчинд тарж, "төрийн жинхэнэ хар хүн" хэмээн магтуулж явсан үе түүнд бий ч УИХ-ын гишүүн болсноосоо хойш зэс нь цухуйж яваа. Хамгийн сүүлд л гэхэд Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор нартай хамт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Гэтэл Х.Булгантуяагийн нөхөр О.Батсүрэн нь Япончуудтай хамтарч бизнес хийдэг байж жишээтэй. Энэ мэтээр "Төрийн хар хүн" гэж магтуулж явсан Х.Булгантуяа МАН-д байр суурь, эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр хамаарал бүхий этгээдүүдийнх нь бизнес өргөжиж байгаа баримтууд ч байна. Тэгвэл Х.Булгантуяа эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж, дахиад нэг шат үсэрчихлээ. Крандуулсан жишээ нь дахиад нэгээр нэмэгдчихлээ гэсэн үг л дээ. Чухамдаа тэр МАН-ын "Тэргүүн хадагтай" болж дэвшлээ.

УЛС ТӨРД ОРСНООС ХОЙШ НЬ ХӨРӨНГӨ НЬ БАГАСАЖ, ОРОН СУУЦ, КОМПАНИУД НЬ ЦӨӨРСӨН НЬ ҮНЭН ҮҮ

 
             2020 оны ХОМ-ийг нь харвал, өөрийн орлого нь жилд 29 сая, гэр бүлийн орлого нь 118 сая төгрөг, 410 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 75 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай, 629 м2, 697 м2 бүхий 20 сая төгрөгийн хоёр газартай, 33 сая төгрөгийн хадгаламжтай, "Гарден Артс” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Харин 2015 онд буюу Сангийн дэд сайд байхдаа гэр бүлийн нийт орлого нь жилд 50 сая төгрөг, 790 сая төгрөгийн гурван орон сууцтай, 46 сая төгрөгийн хадгаламжтай, "Гартен артс” ХХК, "И Пи Си Эм” ХХК, "Си Эс Пи Эм” ХХК, "Тай Ки Тек” ХХК гэсэн дөрвөн компанитай гэж мэдүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, улс төрд орсноос нь хойш ХОМ-г нь илт буурсан буюу хоёр орон сууц, гурван компани хасагдсан гэж бүртгүүлсэн байна. Улс төрд хөл тавьсан хүмүүсийн хөрөнгө, орлого үлэмж өсдөг байтал Х.Булгантуяагийнх эсрэгээрээ буурсан гэж мэдүүлсэн нь анхаарал татна. Гэхдээ бодит байдал дээр түүний хөрөнгө орлого буураагүй буюу бизнесийн хамтрагч, гэр бүлийн хүнийх нь бизнес эсрэгээрээ цэцэглэж байгаа гэхэд болно. Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн 2016 оны ХОМ-тээ дурдаж байгаад 2018 оноос дурдахаа больсон "Си Эс Пи Эм" ХХК-ийг өдгөө түүний ээж Г.Оюунгэрэл эзэмшдэг. Мөн түүний аав С.Хүрэлбаатар, ээж Г.Оюунгэрэл хоёр нь "Эй Эстейт" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд Х.Булгантуяагийн 2020 оны УИХ-ын сонгуулийн зардалд энэ компаниараа дамжуулан 20 сая төгрөгийн хандив өгч байжээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯАГИЙН БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ, "ТЕНДЕР АВДАГ” Э.ХАСАР

 
            УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Гарден артс” ХХК-ийг Энхриймаагийн Хасар гэх иргэнтэй хамтран эзэмшдэг ажээ. Судлаад үзвэл, Э.Хасарын нэр дээр "Састэйнэйбл энвайронментал консалтинг” ХХК, "Тусгаар тогтнолын түүчээ” ТББ, "Дриймгэйм жорней” ХХК, "Хятад, тайваньд төгсөгч, суралцагчдын холбоо” ТББ, "Их баруун хөшигт” ХХК, "Тогтвортой ногоон хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ, "Энержи воркс” ХХК, "Эн И Ти” ХХК, "Эс И Си” ХХК-иуд эзэмшдэг юм байна. Эдгээр компаниуд нь Х.Булгантуяагийн "Гарден артс” ХХК-ийн "Улаанбаатар, Хан-Уул, 1-р хороо, 19 хороолол, 5 тоот” хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг аж. Э.Хасар гэгч нь 2002 онд Колорадогийн Их сургуулийн төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, "Туушин” ХХК-д менежер, "М Си Эс” группт менежер, албаны даргаар ажиллаж байсан нэгэн ажээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн бизнесийн хамтрагч Э.Хасар гэгч нь хувийн компаниудаараа төрийн хэд хэдэн тендерт шалгарсан баримтууд байна. Тухайлбал, "Эс И Си” ХХК нь 2018 оны гуравдугаар сард "Эрдэнэс таван толгой” ХК-ийн тус бүр нь 100 сая төгрөгийн санхүүжилттэй "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-Биологийн олон янз байдлын судалгаа”-ны хоёр тендерт ялсан баримт байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯАГИЙН НӨХӨР О.БАТСҮРЭНГИЙН ШАТАХУУНЫХАНТАЙ, ЯПОНЧУУДТАЙ ХОЛБООТОЙ БИЗНЕСҮҮД

 
         УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нөхрөө олон нийтээс нууц байлгадаг. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж, "Танайд хоноё” нэвтрүүлгийг гэртээ аваачихдаа ч нөхрөө танилцуулаагүй өнгөрч байсан нэгэн. Тэгвэл түүний нөхрийг О.Батсүрэн гэдэг ажээ. Тэрбээр "Симпл глобал трейд” ХХК, "Тайкитехнологи” ХХК, "Монгол Японы бизнес харилцааны нийгэмтлэг” ТББ-тай ажээ. Япон улсад сургууль төгссөн, гадаад харилцаа, хуулийн мэргэжилтэй, Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад хувийн бизнес эрхэлж эхэлсэн нэгэн аж.
 
Судлаад үзвэл, О.Батсүрэнгийн "Тайкитехнологи”ХХК-д "И Пи Эм Си” ХХК, "Даиейпробис монгол” ХХК, "Даией-Пробис” ХХК-иуд хувь эзэмшдэг юм байна. "Даией пробис монгол” ХХК нь Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Самбалхүндэвийн буюу Далан давхарын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн НИТХ-тай концессийн гэрээ байгуулж байсан компани юм байна. Энэхүү төсөл нь 42 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан гэх мэдээлэл байна. 

Түүнчлэн О.Батсүрэн нь "Симпл глобал трейд” ХХК-д нь "Газ петро ойл” ХХК давхар хувьцаа эзэмшдэг бөгөөд "Улаанбаатар, Баянгол, 8-р хороо, ард аюуш, 11, 34 тоот” гэх нэг хаяг дээр бүртгэлтэй байдаг юм байна. Мөн энэ хаяг дээр "Эм Ай Жи Эс инженеринг” ХХК давхар бүртгэлтэй байна. Энэ компани нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани ажээ. 

Мөн О.Батсүрэнгийн "Тайки технологи” ХХК-ийн "Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, зайсан, 25\1, 30 тоот” хаяг дээр "И Пи Эм Си” ХХК давхар бүртгэлтэй байна. "И Пи Эм Си” ХХК-ийг Х.Булгантуяа 2015 оны ХОМ-тээ дурдаж байжээ. Энэ компанийг Д.Баттуяа, Б.Бат-Оргил, Т.Зууннаст гэх гурван хүн эзэмшдэг бол Т.Зууннаст нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах шинжээч албан тушаалтай нэгэн аж. 
 
 
https://ergelt.mn/news/1/single/16093

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>