МАН-ЫН “ТЭРГҮҮН ХАТАГТАЙ” Х.БУЛГАНТУЯА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн тендер түүж, бизнесээ хэрхэн өргөжүүлдэг баримтыг хүргэж байна.
2013 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар 32-хон настай Х.Булгантуяа гэх бүсгүй томилогдож, гуравхан жилийн дараа Сангийн дэд сайдаар томилогдож байв. Улс төрд ингэж хурдан шат ахисан нь анхаарал татаж, "Хэний хүн, яаж яваад ороод ирэв” гэх яриа зүй ёсоор гарсан. Тухайн үедээ "Петровис” группийн Ж.Оюунгэрэл агсан түүнийг МАН-ын Нарийн бичгийн дарга болгон дэвшүүлж, улмаар Сангийн дэд сайд болгож, улс төрд оруулж ирсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан билээ. Түүнээс хойш ч нэг биш удаа "крандуулсан" жишээ түүнд бий. Хамгийн сүүлд л гэхэд эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, бас нэг удаа "крандууллаа". Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гэж хэн бэ.
"КРАНДУУЛСАН" НАМТАР
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа наймхан жилийн дотор "Петровис” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаас НАМЗХ-ны дэд тэргүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга, Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болтлоо дэвшиж чадсан товч бөгөөд дардан намтартай нэгэн. Ховор хувь заяа гэх үү, хэтэрхий том артайнх гэх үү тэр ингэж хурдан дэвшсэн. Сангийн дэд сайд байхдаа "Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахад шалтгааныг бий болгосон" хэмээн шүүмжлүүлж байсан ч УИХ-ын гишүүн болж чадсан. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн парламентад суулгахаар онцгойлон анхаарч зүтгүүлсэн хүмүүсийнх нь нэг гэдэг. Тиймдээ ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын алба, тоотой холбоотой төсөл, хөтөлбөр, ажлуудыг аминчлан хариуцуулдаг гэх. Сангийн дэд сайд байхдаа хүүхдээ төрийн ордонд хөхүүлж байсан зураг нь цахим орчинд тарж, "төрийн жинхэнэ хар хүн" хэмээн магтуулж явсан үе түүнд бий ч УИХ-ын гишүүн болсноосоо хойш зэс нь цухуйж яваа. Хамгийн сүүлд л гэхэд Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор нартай хамт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Гэтэл Х.Булгантуяагийн нөхөр О.Батсүрэн нь Япончуудтай хамтарч бизнес хийдэг байж жишээтэй. Энэ мэтээр "Төрийн хар хүн" гэж магтуулж явсан Х.Булгантуяа МАН-д байр суурь, эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр хамаарал бүхий этгээдүүдийнх нь бизнес өргөжиж байгаа баримтууд ч байна. Тэгвэл Х.Булгантуяа эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж, дахиад нэг шат үсэрчихлээ. Крандуулсан жишээ нь дахиад нэгээр нэмэгдчихлээ гэсэн үг л дээ. Чухамдаа тэр МАН-ын "Тэргүүн хадагтай" болж дэвшлээ.