Ч.ГАНХУЯГИЙН “АРД КОЙН”-Ы АР ДАХЬ НҮҮРСЧИД

261

Ч.ГАНХУЯГИЙН “АРД КОЙН”-Ы АР ДАХЬ НҮҮРСЧИД

 

Бид өмнөх дугаартаа "Хас”-ын хочит Ч.Ганхуягийн "Ард даатгал”, "Ард менежмент”, "Ард койн”, "Ард кредит”, "Ард санхүүгийн нэгдэл” тэргүүтэй компаниуд нь төрийн албыг хэрхэн "аалзны тор” мэт хэрж, төрийн томчууд, тэр тусмаа МАН-ын томчуудыг "сүлжээ”-ндээ хэрхэн элсүүлснийг түүвэрлэн танилцуулсан. 
Өмнөх нийтлэлийг энд дарж уншаарай.
 
    Тэгвэл энэ удаад "койнчин” Ч.Ганхуяг нүүрсний "акул”-уудтай хэрхэн холбогддог, хамтарч ажилладаг тухай ноцтой баримтыг дэлгэж байна. Ч.Ганхуяг "Энержи ресурс” ХХК, "Моннис майнинг” ХХК, "Саусгоби сэндс” ХХК зэрэг нүүрсний акулуудтай маш ноцтой сэжүүрүүдээр холбогддог ажээ. Энэ удаад бид Ч.Ганхуяг ба "Саусгоби сэндс” ХХК-ийн холбоог танилцуулж байна. Тодруулбал, манай улсын нүүрсний гол "тоглогч”-дын нэг боловч муу нэрээрээ илүүтэй танигдсан "Саусгоби сэндс” ХХК-ийг мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл тус компанийн Ерөнхийлөгч Ч.Мөнхбат Ч.Ганхуягийн "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Мөн Ч.Мөнхбатын өмнө "Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр ял сонсож, нийгэм даяар нэр нь танил болсон АНУ-ын иргэн Жастин Капла болон Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Н.Цогт Ч.Ганхуягийн "Ард менежмент ҮЦК” ХХК-ийн охин компани "Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм. 

"Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чулууны Мөнхбат буюу алдарт "Саусгоби сэндс" ХХК

     "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чулууны Мөнхбат нь Монголын нүүрсчдийн хамгийн том нь гэж хэлж болно. Тодруулбал, Ч.Мөнхбат 2015 оны есдүгээр сараас "Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж ирсэн. "Саусгоби сэндс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших стратегийн Овоот толгойн нүүрсний уурхайг ажиллуулдаг, мөн Өвөлжөө уул, Галын овоо, Товон уул, Холнгил Уул тэргүүтэй нүүрсний зургаан ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Товчхондоо, хувийн хамгийн том нүүрсний уурхай, басхүү хамгийн их хар түүхтэй. 
 
Тодруулбал, "Саусгоби сэндс” ХХК нь 2008 онд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа анхаарлын төвд, дуулиан шуугианы голд байж ирсэн. Учир нь, "Саус гоби сэндс” ХХК нь анх алдарт Канадын "Айвенхоу майнз” компанийн харьяа "Саусгоби ресурс лимитед” компанийн Монгол дахь охин компани болж байгуулагдсан. Өдгөө "Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшдэг нүүрсний ордууд нь ч анх "Айвенхоу майнз”-ийн мэдэлд байсан. Тиймдээ ч "Саусгоби сэндс” ХХК-ийг хоёр дахь "Оюу толгой” гэдэг байв. 
 
Цаашилбал, 2014 онд "Саусгоби сэндс” ХХК-ийн тухай бас нэгэн ноцтой дуулиан дэгдсэн нь тус компанийн удирдлагууд манай улсын хууль журмыг зөрчиж, их хэмжээний татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэг байсан. Тодруулбал, 2014 онд АТГ-аас тухайн үеийн "Саус гоби сэндс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал АНУ-ын иргэн Жастин Капла, Санхүүгийн ерөнхий менежер Филиппин улсын иргэн Хиларион Кажуком, Санхүүгийн менежер Кристобэл Дэвид нарыг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар 2015 оны нэгдүгээр сард шүүхээс тэднийг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж үзэж таван жил 10 сарын хорих ял ногдуулсан байдаг. Гэтэл 2015 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт уучлал үзүүлж сулласан байдаг. 
     Ийнхүү АНУ-ын Жастин Капла их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр ял сонссон ч нүүрсний томчуудын хөөцөлдлөгөөгөөр уучлалаар суллагдаж нутаг буцсаны дараа түүний орыг зарлаж "Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсон хүн нь одоогийн "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Мөнхбат юм. Ч.Мөнхбатын хувьд, "Саусгоби сэндс” ХХК-аас гадна "Саусгоби сэндс” ХХК-ийн нэрийг орчуулж нэрлэсэн "Өмнийн говийн элс” ХХК-ийг эзэмшдэг. Мөн "Ти Эс Ти көүл транс” ХХК, "Баян овоо тээвэр нэгдэл” ХХК зэрэг нүүрс тээврийн компаниуд болон "Мазаалай ресорсэс” ХХК гэх олборлолтын компанид хувь эзэмшдэг. Мөн Ч.Мөнхбат нь МАН-ын "нүүрсний акул”-уудын нэг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамт "Регбинийн холбоо” ТББ-ыг хамтран удирдлагыг дурдах нь зүйтэй байх. 
 
Хамгийн том нүүрсчин, хамгийн том койнчин хоёрын хоршил хууль ёсных уу, цаагуураа бохир мөнгө гүйлгэсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах нь зүйн хэрэг байх. 
 

"Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Нацагдоржийн Цогт буюу "Саусгоби сэндс" ХХК-ийн өмгөөлөгч

     "Койнчин” Ч.Ганхуягийн "Ард менежмент ҮЦК” ХХК-ийн эзэмшлийн "Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ий даргаар Ч.Ганхуягийн эхнэр Г.Уянга ажилладаг. Харин тус компанийн ТУЗ-ийн есөн гишүүнээс хамгийн анхаарал татах хүн нь Н.Цогт. "Тэнгэрлиг медиа групп” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Цогт нь өмгөөлөгч, хуульч мэргэжилтэй бөгөөд "Бона лекс” болон "Цогт энд нандин” хуулийн фирмийг тус тус үүсгэн байгуулсан нэгэн. Хамгийн ноцтой нь, дээр дурдсанчлан 2014-2015 онд тухайн үеийн "Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд АНУ-ын иргэн Жастин Капла, Санхүүгийн ерөнхий менежер Филиппин улсын иргэн Хиларион Кажуком, Санхүүгийн менежер Кристобэл Ж.Дэвид нарыг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр шүүх үед Кристобэл Дэвидийн өмгөөлөгчөөр Н.Цогт ажиллаж байсан ажээ. Тэгээд болоогүй, Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобэл Дэвид гурав шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах үед тэр гурвын төлөөлөгчөөр Н.Цогт ажиллаж байжээ. Мөн Н.Цогт нь 2020 онд Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг "Оюу толгой”-н хэргээр шүүх үед Б.Бямбасайханы өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. 
     Илүү ноцтой нь, "Саусгоби сэндс” ХХК-ийн хэрэг намжсанаас жилийн дараа буюу 2016 оны тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид "Panama papers” буюу Оффшор бүсэд компани, данс, хөрөнгө эзэмшдэг манай улсын 49 иргэний нэрийг зарласны дотор өнөөх Н.Цогт багтсан байдаг. Ингэхдээ Н.Цогтыг оффшор бүсэд буюу Британийн Виржинийн арлуудад "Bona Lex Limited”, "Assets Right consultant” Ltd, "Joy key development limited” гэсэн гурван компанийг байгуулсныг ил болгосон.
Бүр илүү ноцтой нь, Н.Цогт нь "Joy key development limited” компанийг НИТХ-ын дарга асан, "60 тэрбум”-ын Ц.Сандуйн төрсөн дүү Ц.Сэргэлэнтэй хамтран үүсгэн байгуулсныг зарласан байдаг. Н.Цогт, Ц.Сэргэлэн нарын оффшор бүсэд байгуулсан "Joy key development limited” компанийн дуулиан алдарт "60 тэрбум”-ын дуулианыг улам хурцатгасан. Учир нь, Ц.Сандуй, М.Энхболд нарын "60 тэрбум”-ын бичлэгт Ц.Сандуй "Гадаадад мөнгө угаах замаар санхүүжилт босгоё” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуйгийн "гадаадад мөнгө угаах боломжтой” гэх яриа, төрсөн дүү Ц.Сэргэлэнгийнх нь оффшор бүс дэх компанийн дуулиан огтлолцож, том хэргийн сэжүүр цухуйсан ч хав дарсан түүхтэй.

Товчхондоо, оффшор бүсэд данстай гэж зарлагдсан, "Саусгоби сэндс” ХХК-ийн Жастин Каплагийн өмгөөлөгчөөр, "Оюу толгой”-н Б.Бямбасайхан өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан Н.Цогт Ч.Ганхуягийн хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Тэнгэрлиг медиа групп” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагийн цаана Ч.Ганхуяг ба "Саусгоби сэндс” ХХК гэх ашиг сонирхол нуугдаж байна уу гэдэг хардлага гарч ирж байгаа юм. 

      Бид дараагийн дугаартаа "койнчин” Ч.Ганхуяг ба "Моннис интернэшнл” ХХК, "Энержи ресурс” ХХК-ийн холбоо хамаарлыг танилцуулах болно. Цухас дурдахад, эхэнд танилцуулсан "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Саусгоби сэндс” ХХК-ийн Ч.Мөнхбат нь "Моннис интернэшнл” ХХК-ийн гол хамтрагч нь. Нөгөөтээгүүр, Ч.Ганхуягийн "Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Батзаяа нь үед Б.Энэрэлт, эгч Л.Чимгээ нарын хамт "Зүүнговь ложистик” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Гэтэл Б.Энэрэлт нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн эгчийнх нь хүргэн Ц.Амарсанаагийн бизнесийн хамтрагч нь. Б.Жавхлангийн хувьд "Моннис интернэшнл” ХХК-тай нэг бус ноцтой сэжүүрээр холбогддог. Гэх мэтээр маш том сүлжээ байгааг бид баримтаар дэлгэх болно. 
https://ergelt.mn/news/22/single/32442

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>