Хөндөх сэдэв: Иргэд хорт хавдраа эмчлүүлэх ч эрхгүй!
Монгол Улс хавдрын тохиолдлоороо дэлхийд тэргүүлж буй. Өөрөөр хэлбэл, элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 185 орноос нэгдүгээр байрт бичигдэж байна. Цаашилбал ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдараар өвчлөх хүмүүсийн тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн статистикаас харвал,
2022 онд 6885 хүн хорт хавдраар оношлогдож, 4548 хүн нас баржээ. 2023 онд хорт хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас барсан байна.
Дээрх статистикаас харахад жил бүр хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, Монгол Улсад өдөрт 19-20 хүн хорт хавдраар өвдөж, тэднээс 12-13 нь нас барж байна гэсэн эмгэнэлт судалгааг эмч нар танилцуулах болсон билээ.
Гэтэл Монголд 1981 онд баригдсан ХСҮТ гэж ганцхан эмнэлэг бий. Өдгөө тус эмнэлэг хэдийн ачааллаа дийлэхээ байж хорт хавдартай иргэдэд хэчнээн сарын эмнэлгийн дугаар хүлээж, зарим нь оношлуулж, эмчилгээ хийлгэж чадалгүй хорвоог орхиж байгаа нь гашуун үнэн.
Хавдар судлалын эмнэлэг барина гэж үе үеийн сайд амалдаг ч өнөөдөр ч тус эмнэлгийн шинэ байр хэзээ баригдах нь тодорхойгүй, төсөв мөнгөний гачигдал төр тоочсон хэвээр. Хамгийн сүүлд С.Чинзориг Эрүүл мэндийн сайд байхдаа “Барилгын зураг төслийн мөнгө батлагдсан. 2024 оны нэгдүгээр улирал гэхэд хавдрын эмнэлгийн зураг төсөл бэлэн болно” хэмээн ярьж байлаа. Гэтэл өчигдөр /2024.10.03/ УИХ-ын чуулганы үеэр сангийн сайд Б.Жавхлан “2023 онд хавдрын эмнэлэг барих ажлыг эхлүүлэх гээд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ оны есдүгээр сард зураг төсөл нь бэлэн болоогүй байна” гэв. Түүний хэлснээр дүгнэвэл 2025 оны төсөвт шинэ эмнэлэг барих төсөв бас тусгагдаагүй аж. Хавдрын шинэ эмнэлгийг БЗД-ийн арваннэгдүгээр хороо буюу “Sky resort”-ын цаана барихаар төлөвлөж байсан ч ирэх жил буюу 2025 онд хавдрын шинэ эмнэлгийн барилгыг эхлүүлэх боломжгүй болов.
ХСҮТ-ийн шинэ эмнэлгийг барина гэж 2022 оноос ярьсан. Гэвч өнөөдрийг хүртэл барилга барих нь битгий хэл зураг төсөл нь гараагүй байна. Сангийн сайнд нь "гараагүй байна лээ" гэсэн хөндий, хүйтэн үгээр тайлбар хэлэх нь эгдүүцэл төрүүлэм. Эрх мэдэлтнүүдийн хувьд эх орондоо эмнэлэгт хэвтэх шаардлагагүй ч байх. Гэвч иргэдийн хувьд ХСҮТ бол ганц найдвар нь болдог.
Сүүлийн жилүүдэд цахим хуудсаар дүүрэн хавдартай, өвчтэй хүүхдүүд хандив гуйх нь энгийн үзэгдэл боллоо. Монголчууд олон нийтийн хандив тусламж гуйж гадаадын өндөр өртөгтэй эмнэлгийг зорьж байна. Ийм байхад ганц эмнэлэг барих гэж хэдэн он дамнах ёстой вэ. Одоо зураг төсөл нь гараагүй байгаа эмнэлгийг хэзээ барьж, бид хэзээ Монголдоо дугаарлахгүй үзүүлж, эмчлүүлэх боломж бүрдэх юм бэ. Үүнд хариулт өгөх хүн алга. Нэн шаардлагатайд тооцогдохгүй соёлын төв, хөшөө дурсгал барьдаг. Дээрээс нь эхлүүлээд төсөл нь гацчихсан өчнөөн төсөл бий. Энэ мэт үргүй зардалд хэдэн тэрбумаар төсөвлөдөг байж улсдаа шаардлагатай амин чухал асуудалд яагаад ийм хойрго хандана вэ дарга нар аа!
Хавдар судлалын эмнэлэгийн хувьд засвар хийх ч боломжгүй болтлоо барилгын чанар нь муудсан. Мөн хоёр туяа эмчилгээний аппарат ажилладаг байна. Энэ нь өдөрт 80 хүн үзэх боломжтой ч 120 хүн үздэг.
Тиймээс иргэд туяа эмчилгээнд орохын тулд 1-2 сар хүлээдэг аж. Зургаан ширхэг туяа эмчилгээний төхөөрөмжтэй болж байж ачаалал хэвийн болох боломжтой. Гэтэл төхөөрөмж нэмэх гэхээр одоогийн эмнэлгийнх нь барилгын багтаамж хүрдэггүй аж.
Уг нь шинэ эмнэлэг барьчихвал хорт хавдраар өвчилсөн олон хүний амийг аварна. Эрүүл мэндийн сайд албан тушаалын томилгоо хийхээс илүү энэ мэт гол асуудалдаа хэзээ анхаарал хандуулах вэ. Иргэд чинь эмнэлэгт хэвтэх ч эрхгүй болоод удаж байгааг сануулчихад буруудахгүй биз.
https://news.mn/r/2755657/