УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд оноосон 19.2 сая төгрөгөөр торгох шийтгэлийг хэвээр нь үлдээлээ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Б, Ж.Б, М.Б нарыг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Б, Ж.Б, М.Б нарыг “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, З.Б-г 19.200.000 төгрөг, Ж.Б, М.Б нарыг тус тус 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-аас 935.1 сая төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэсэн байдаг.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан "Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү”, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан "Шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээс З.Б, Ж.Б, М.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-с 935.1 сая төгрөгийг гаргуулж, хохирогч Монгол Улсын Сангийн яамд олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байсныг шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлт хангагдтал хэвээр үлдээхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.