МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/1166 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид ирүүлсэн.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлд Комиссын хэрэгжүүлэх чиг үүргийг, 9, 10, 11 дүгээр зүйлд Комиссын шууд харилцах байгууллагыг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” талаар хуульчилсан.
Анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгдэгчид холбогдох хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолтой зарчим, олон улсын холбогдох эрх зүйн хэм хэмжээ, хуулийн тайлбар бүхий албан бичиг олон нийтийн сүлжээнд түгээгдсэнээр иргэдийг талцуулж, шүүх рүү хэт чиглэсэн мэдээ мэдээлэл тараагдаж байгаа нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй үйлдэл гэж үзэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хариу хүргүүлсэн болно.