ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙН УРЬДЧИЛГААНЫ ХҮҮ "ЧИНГИС" БОНДЫНХООС ӨНДӨРГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

1194

ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙН УРЬДЧИЛГААНЫ ХҮҮ "ЧИНГИС" БОНДЫНХООС ӨНДӨРГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙМанай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч уул уурхайн салбар дахь анхаарал татсан сэдэв болж байгаа Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээ хэсэг хугацаанд завсарласны дараа өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас үргэлжилж эхэллээ. Энэ ажлыг гардан удирдаж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээлж байгаагаар, Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалт, концесс болон түрээсийн гэрээг байгуулах ёстой бөгөөд энэ баримт бичгүүдийг хоёр талаас харилцан тохиролцож эцэслэх хэмжээнд хүрсэн байна. Дээрх томоохон баримт бичигтэй холбогдон 350 орчим асуудал хөндөгдөж, ерөнхийдөө тохиролцоонд хүрээд байгаа юм. Техник эдийн засгийн урьдчилсан тооцоогоор Тавантолгойн ордыг 30 жилийн хугацаанд ашиглахад 40-өөд тэрбум ам.долларын борлуулалт хийгдэх бол түүний тодорхой хэсгийг теслийн санхүүжилтэд эргүүлэн ашиглаж, үлдсэн нь хөрөнгө оруулагч талд ашиг болж буух бололтой юм.

 

Гэхдээ ойрын 3-4 жилийн хугацаанд Монголын эдийн засагт 13 тэрбум ам.долларын нөлөө үзүүлэх бөгөөд ханган нийлүүлэгчээр оролцох үндэсний 80 гаруй компани 10-20 мянган ажиллах хүчнийг ажлын байртай болгохоор тооцсон юм билээ. Юуны өмнө Тавантолгойн төсөлд оролцох олон үндэстний консорциум эхний удаад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байгаагаас харахад энэ нь Оюутолгойн дараа орох томоохон бүтээн байгуулалт болох нь тодорхой. Гэвч гэрээ байгуулах явц болон цаашдын үйл ажиллагаанд зарим нэг бэрхшээл байгаагийн нэг нь Хятадын "Чалько" компанид төлөх 350 сая ам.долларын асуудал юм. 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Тавантолгойн ордын зүүн Цанхийн хэсгийн нүүрс олборлолтыг Хятадын талд өгч дээрх хэмжээний валютыг зээлж, сонгуулийн амлалтынхаа "Эх орны хишиГ-ийг ард нийтэд тараасан нь одоо ийнхүү гай чирч байгаа хэрэг. М.Энхсайхан сайдын ярьснаар "Чалько"-гоос зээлсэн 350 саяын үлдэгдэл болох 100 сая гаруй ам.долларын өрийг дарж дуустлаа зүүн Цанхийн нүүрсийг зөвхөн Хятад руу нийлүүлэхээс гадна өр дууссаны дараагийн таван жилд ч "хөл, гар нь хүлээстэй" байхаар гэрээ хийсэн нь асуудлыг хүндрүүлж байгаа гэсэн. Энэ байдал нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдын консорциумд сонгон шалгаруулалтаар Монголоо төлөөлөн багтсан ММС компаниинхны нүүрийг улайлгаж байгаа бололтой. Гэсэн ч олон улсын консорциум урьдчилгаа төлбөрт 150 сая ам.доллар өгөхөд бэлэн байгаагаа хэлсэн нь сайн мэдээ юм.

 

Харин хариуд нь Засгийн газар урьдчилгаа төлбөрийнхөө хэмжээг нэмэх санал хүсэлтийг тавьсан гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж байгаа. Гэхдээ энэ нь эргэн төлөгдөх нөхцөлтэйн дээр тодорхой хэмжээний хүүтэй байна гэж бодохоор Оросын нэг улстөрчийн хэлсэнчлэн "хавханд байгаа бяслаГ-ийг зулгааж эхэлнэ гэсэнтэй л утга адил болж байгаа явдал юм. Гэхдээ 6.5 хувийн хүүтэй гэж анх яригдаж байсан урьдчилгаа төлбөрийг "Чингис" бондын хүүгээс ихгүйгээр авчихаж чадвал бас нэг амжилттай алхам болох гээд байгаа хэрэг. Учир нь, Тавантолгойн төслийг урагшлуулахад "Чингис" бондоос тодорхой хэсгийг зарцуулж байгаа юм байна.

 

Нөгөө талаар гэрээ хэлэлцээрийн баримт бичигт консорциумд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн нь энэ удаагийн гэрээний давуу тал гэж хэлж болохоор харагдаж байна хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа. Тухайлбал, Монголын талын "Энержи Ресурс" компани үйлдвэрлэлийн ажлыг хариуцах бөгөөд нүүрсийг олборлож баяжуулна. Харин Хятадын "Шинхуа" компани тээвэрлэлтийн ажлыг хийж, баяжуулсан нүүрсийг өмнөд хөрш болон гуравдагч зах зээлд хүргэх юм. Японы "Сүмитомо" дэлхийн зах зээлд нэр хүндтэй компанийн хувьд борлуулалтыг хариуцах юм байна. Хэлэлцээрт ийм тов тодорхой заалтууд байгаа ч мөн хүнд хэцүү үеүд ч тохиолдож байгааг М.Энхсайхан сайд хэлж байсан.

 

Тухайлбал, Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт багасч, олон арван том бага уурхай хаалгаа барьж байгаа нь хэлэлцээрийн шатанд хүндрэл учруулж байна. Гэхдээ Тавантолгойн олборлолт өртөг багатайгаар явагдаж, зах зээлтэйгээ ойр байгаа зэрэг давуу талаа ашиглаж чадна гэсэн итгэл найдвартайгаар гэрээ хэлэлцээг урагшлуулж байгаа юм билээ. Энэ хэлэлцээр үр дүнтэй болж удахгүй хөдөлж эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хэрүүл маргааны манан дунд бүдгэрсэн Тавантолгойн төслийг ажил хэрэг болгох нь гадаадын хөрөнгө оруулагчдад сайн дохио болно гэдгийг "Энержи ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ч онцгойлон дурдаж байсан.



Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>